Өвөрхангайчууд “Фракцгүй АН”-ыг дэмжлээ
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас “Аймгийн чуулган” сэдэвт намын гишүүддээ зориулсан сургалтыг орон даяар зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийг Ардчилсан нам Дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг 21 аймгийн 331 сумдад амжилттай зохион байгуулж, нийт намын гишүүдээ чадавхжуулан, боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн билээ.
Энэхүү сургалтыг баталгаажуулан “Аймгийн чуулган” сургалтыг 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэ сарын 11-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймагт амжилттай эхэлжээ. Энэхүү сургалтад “Сумын чуулган” сургалтад амжилттай оролцсон сумын гишүүдийг сонгон авч “Аймгийн чуулган” сургалтад хамруулснаар тэдгээр гишүүд сургагч багшийн түвшинд хүрч байгаа юм. Өвөрхангай аймгийн 19 сумаас нийт 128 гишүүд сургалтанд амжилттай оролцсон бөгөөд ингэснээр тэд сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ сумынхаа гишүүд төдийгүй иргэд олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээж байгаа юм.
Сургалтаар эерэг хандлага, хувь хүний хөгжил, багийн ажил, сонгуулийн менежмент, ярих ур чадвар зэрэг сургагч багшид зориулсан хичээлүүдийг сонирхолтой хэлбэрээр заасан нь гишүүдэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн улс төрийн хүрээнд сүүлийн үед ихээхэн яригдаад буй “Популизм” хэмээх ойлголт, түүний хор уршгийн талаар АН-ын ХМОНХГ-ын дарга С.Эрдэнэболд мэдээлэл өгсөн бөгөөд үүнийг зөвхөн намын гишүүдэд бус иргэд, олон нийтэд заавал түгээх шаардлагатай байгааг оролцогчид онцолж байв. Өвөрхангай аймагт зохион байгуулсан энэхүү сургалтад УИХ-ын гишүүн Г.Батхүү, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал нар оролцлоо.
УИХ, Засгийн газрын түвшинд хийж хэрэгжүүлсэн ажил, мөн цаашид хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалт, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэдтэй санал бодлоо солилцов. УИХ-ын гишүүн Г.Батхүү “Орон нутгийнхаа боловсон хүчнийг хөгжүүлж байж тэрхүү үндэс суурин дээр сум, орон нутгаа хөгжүүлнэ гэдгийг бид бүхэн олон жилийн туршлагаас харж болно. Тиймээс гишүүдээ чадавхжуулж, оюуны хөрөнгө оруулалт хийж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулж буй нь өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм. Эдийн засаг хямарч байна гэж олон хүн ярьдаг.
Гэхдээ эдийн засаг бус Монголын төрийн бодлого хямарч байна гэж боддог юм. Тиймээс төрийн хямралыг арилгахын төлөө бид анхаарч ажиллаж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Намын дарга З.Энхболд баярын хурал дээр Фракцгүй Ардчилсан нам болохоо албан ёсоор зарласныг олон гишүүд дэмжигчид, ард иргэд дэмжиж байгааг дуулгахад таатай байна” гэлээ. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал “З.Энхболд даргын Фракцгүй Ардчилсан нам болсон уриалгыг дэмжиж Өвөрхангай аймгийн намаас намын удирдлагуудад албан бичиг явуулна.
Ер нь аймгийн Ардчилсан нам өмнө ч, одоо ч тэр ямар ч фракцгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс бид энэхүү уриалгыг дэмжиж байна” гэлээ. Мөн энэ үеэр Ардчилсан намын 25 жилийн ойн баярын хурал дээр АН-ын дарга З.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлийн талаар сургалтад оролцогчид хэлэлцүүлэг хийсэн бөгөөд намын удирдлагын зүгээс дэвшүүлж буй АН-ыг бодлогын нам, улам төлөвшсөн улс төрийн хүчин байлгах байр суурийг дэмжиж буйгаа илэрхийллээ.