Намчирхаж, талцахгүй байхыг хүслээ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.03.10

Намчирхаж, талцахгүй байхыг хүслээ

Намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн зүүн талын есөн сум болон Арвайхээр суманд ажиллаад иржээ. 

Тэрбээр  амрын чуулганаар хэлэлцсэн гол асуудал болох  улсын төсөв, төсвийн тодотголын хүрээнд иргэдэд мэдээлэл өгсөн байна. Уулзалт хийсэн сумдын иргэд   Монгол Улсын өрийн босго  хэдэн хувьд  хүрсэн, эдийн засгийг тэтгэх томоохон мега төслүүдийг хэзээ эхлүүлэх, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар асууж,  санал бодлоо хэлсэн байна.

Орон нутгийн иргэдийн ихээр сонирхож байсан бас нэг асуудал нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын 36 сарын урамшууллын тухай  байв.  Хэдийгээр тодорхой хувиар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа нь учир дутагталтайг иргэд шүүмжилсэн байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “МАН-ын бүлгээс 2015 оны төсөв батлахтай холбогдуулан төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Эхний ээлжинд цалин, тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэхээр болсон. Тухайлбал, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин дөрөвдүгээр сарын 1, төрийн захиргааны албан хаагчдын цалинг долдугаар сарын 1, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тогтож байгаа” гэлээ.

Уулзалтын үеэр орон нутагт намчирхал хэрээс хэтэрч байгааг олон иргэн шүүмжилсэн юм. Сант сумын иргэн Б.Батдорж “Орон нутагт төрийн албан хаагчдын намчирхал хэрээс хэтэрч байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаас баталсан хуулийн төслүүдийг танилцуулахаар УИХ-ын гишүүн ирээд байхад манай сумын удирдлагууд харагдахгүй байгаа нь өнөөх намчирхалтай холбоотой. Уг нь сумын удирдлагууд хамт сууж, ард иргэдийн асуусан асуултад хариулт өгч, саналыг нь сонсох ёстой” гэсэн байна.

Ийнхүү Өвөрхангай аймагт ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Я.Содбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаад ирлээ. Иргэд  ямар асуудлаар  саналаа түлхүү илэрхийлж байна вэ?

Орон нутгийн иргэдийн хувьд цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл болон төрийн албан хаагчдын 36 сарын урамшууллын асуудлыг хөндөж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдийн худалдан авах чадвар болон орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна.

Мөн мал аж ахуйн салбарт төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг ч дуулгасан. Тухайлбал, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэн батлах байх гэсэн хүлээлттэй байна.

Үүнээс гадна бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хямралын сүүдэр ч тусаж, борлуулалт тааруу байгаа учир энэ чиглэлд анхаарч ажиллах болон миний өргөн мэдүүлээд байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувьтай тэнцүүлэх хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан.

-Төрийн байгууллагуудын үйлчилгээ хүрэлцэхгүй байгаа талаар иргэд саналаа илэрхийлж байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Төрийн үйлчилгээний байгууллагын үйлчилгээг сайжруулах, материаллаг бааз  болон боловсон хүчнийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэлж байна. Өвөрхангай аймаг улсдаа хүн амын тоогоороо хоёрдугаарт жагсдаг. Гэтэл нэг хүнд оногдох хувьсах зардлын хэмжээ бусад аймагтай адил ирж байгаа нь аймгийн төсөвт хүндрэл учруулж байна. Иймд энэхүү саналыг холбогдох яаманд нь хүргүүлэх болно.

Ийнхүү УИХ-ын гишүүн арван сумын иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан зарим хууль, тогтоомжийг тайлбарлаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиийн төслүүдэд иргэдийн саналыг авсан юм. Харин иргэдийн зүгээс улс төрчдийг намчирхаж, талцахгүй  ажиллахыг хүслээ.