Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймагт ажиллалаа
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.17

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймагт ажиллалаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, спортын ордны үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын нийт мэргэжилтэнүүдтэй уулзаж эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулан эмч мэргэжилтэнүүдтэйгээ харилцан ярилцлаа.

2015 онд сум өрхийн түвшинд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгож, бие даасан байдлыг хангах зорилтыг дэвшүүлж байгаа. Өнөөдөр аймаг сум өрхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэнүүдийн хүсч байсан бодит зорилт гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнүүд дуу нэгтэй дэмжиж байлаа.

Өвөрхангай аймгийн Засаг дарга 2015 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж төлөвлөгөөт ажлуудыг эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж байгаагийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэн бүрээ эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор төлөвлөгөөт ажлыг Бүрд сумаасаа эхлэн хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.

Эрүүл мэндийн салбарт өвдсөн хойно нь л эмчлэх талаар бүхий л зорилго төлөвлөгөөгөө гаргаж төсвийн зарцуулалтаа хийдэг байсан бол өнөөдөр иргэн бүрээ эрүүл байлгах өвдөхөөс нь өмнө урьдчилсан сэргийлэх нь нэн тэргүүний зорилт байх учиртай гэсэн салбарын сайдын зорилттой аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаж байгаа нь харагдаж байлаа.

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын тухайд бүх сум багтаа хүрч ажиллах шаардлага тулгарч байгаа ч орон тоо дутагдалтай байдгаас сум, баг бүртээ хүрч ажиллах хүний нөөцийн асуудал тулгамддаг болохыг уламжилж байлаа. Нөгөө талаар Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаа мэргэжлийн эмч мэргэжилтэнүүд нь БОЭТ, сум, баг, өрхийн эмнэлэгт ажилладаг эмч нар шиг ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж зэргийг авддаггүй тул мэргэжилтэнүүдийн цалин тэтгэмжийн асуудлыг салбарын сайд анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн салбарын сайдын чухалчилж байгаа хүний нөөцийн асуудал дээр мэргэжилтэнүүд санал бодлоо хуваалцсан.

Өнөөдөр өрхийн эмнэлэгт сургуулиа төгсөөд нэг жилийн хугацаатай ажиллахаар ирж хоёр дахь шатлал руу шилжих журамтай эмч нар ганцхан жил ажиллаад буцна гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь өрхийн эмнэлгийн үйлчилгээний чанарт нөлөөлж байгаа тул өрхийн эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтэнүүдийн ур чадвар мэргэжил дээшүүлэх сургалт, дараагийн шатлалд дэвшин ажиллах энэ тогтолцоог өөрчлөх ёстой гэж байлаа.

Үүний дараа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч мэргэжилтэнүүдтэй уулзлаа. Өвөрхангай аймгийн БОЭТ-нь 321 эмч мэргэжилтэнтэй, 301 хэвтэн эмчлүүлэх ортойгоор аймгийнхаа хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өдөртөө 400-500 хүнд амбулторын үзлэг оношилгоогоор үйлчилдэг БОЭТ-д 2014 оны байдлаар нийт өвчлөлийн зонхилох хувийг Зүрх судасны өвчлөл, уушиг амьсгалын замын өвчлөл, шээс бэлгийн замийн өвчлөл эзлэж байгаа юм байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол Халдварын эмнэлгийн барилга нь 2011 онд МХГ-аас ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарч 2013 улсын төсвөөс 1,9 тэрбумын төсөв тусгагдаж барилгын ажил эхэлсэн ч энэ оны төсөвд тусгагдаагүйгээс царцаагдсан барилгын тоонд орчихсон байгаагаас актлагдсан байрандаа эмчилгээ үйлчилгээг явуулж байгаа юм байна.

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд Өвөрхангай аймгийн спортын ордоноор зочилж аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзлаа. Өвөрхангай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд дэлхийн болон өөрийн улсын чанартай тэмцээн уралдаануудад өсвөрийн баг тамирчид амжилттай оролцож байгааг танилцуулж байлаа.

Түүн дотроо волейболын эмэгтэй баг тамирчид, Жудо, хүндийн өргөлтийн баг тамирчид нь олон улсын болоод өөрийн орны бүсийн чанартай тэмцээн уралдаануудад тогтмол амжилт гаргаж байгааг танилцуулж байлаа. Салбарын сайд зочилсон тул ололт амжилтаасаа гадна өнөөдөр тулгамдаж байгаа асуудлаа ч нээлттэй ярилцаж хэрхэн шийдэх тухай халуун яриа өрнүүллээ. Мөн л багш дасгалжуулагчдын нийгмийн асуудал цалин тэтгэмжийн тогтолцоо харилцан адилгүй байгаад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байлаа.

Өнөөдөр спортын тамирчдын залгамж халааг бэлтгэж ниймийн биеийн тамирын хүрээнд хүүхэд өвсөр үеийнхэнд цогц дугуйлан хичээллүүлэн цаг наргүй ажиллаж байдаг аймгийн спортын ордны дасгалжуулагчид ЕБС-ийн биеийн тамирын багш нараас ч бага цалин авч байгаа энэ тогтолцоог өөрчлөх боломжийг судлан шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа. Түүнчлэн бэлтгэл сургуулилт явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, олон улсын чанартай тэмцээн уралдаан явах тамирчдын зардаг мөнгө гээд олон асуудал тулгамдаж байгааг салбарын сайддаа учирлаж энэ бүхнийг аймаг сум олон нутаг, ЭМС-ын,цаашлаад ЗГ, УИХ-ын түвшинд авч хэлэлцэн шийдэл боломжийг судлан шийдвэрлэх болно гэдгээ сайд энэ үеэр уламжиллаа.

Ийнхүү Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба улиран одож буй морин жилдээ ажил амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан Өвөрхангай аймгийн эрүүл мэнд, спортын салбарын сайчууддаа салбарын тэргүүний ажилтан болон салбарын жуухаар шагнаж урамшууллаа.