Сарлагийн наадмыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ
Сарлагийн наадам
2014.08.22

Сарлагийн наадмыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ

Аялал жуулчлалын улиралд жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд үүний нэг нь «Сарлагийн наадам» юм.

10 дахь жилдээ зохиогдож буй уг наадам өнөө жил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар боллоо. Арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Уг арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготой аж. Сарлагийн наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгуулжээ.

Наадамд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцсоноос гадна Архангай, Баянхонгор аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн нь жил ирэх тусам өргөжиж буйгийн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байв.

Мөн наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын 600 гаруй хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид байсан гэнэ.

Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сарлаг зүслэх зэрэг болж, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.