УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллав
УИХ-ын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Г.Батхүү тойрогтоо ажиллаад ирлээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм.
Бүрд сум энэ жил 273 мянган мал тоолуулжээ. Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрлээ гэдгийг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л 90 гаруй өрх суурин газар бараадаж шилжсэн байна. Монгол Улсын төв цэг Бүрд сумын нутагт оршдог. Тиймээс төв цэгт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд шилжин суурьших бус нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүү онцолсон бөгөөд сумын удирдлагуудын зүгээс төв цэг хүртэл 30 км хатуу хучилттай автозам барих шаардлагатай байна гэсэн санал хэлж байв.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч эл асуудал хөндөгдсөн. Мөн Г.Батхүү нарын гишүүдийн санаачилж Өвөрхангай аймгийн дөрвөн суманд байгуулсан сүүний үйлдвэрийн төслийг Бүрдэд хэрэгжүүлмээр байна гэдэг саналыг хэд хэдэн иргэд гаргалаа. Өнгөрсөн хугацаанд тус суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо төдий л нэмэгдээгүй байна. Сумдаас үйлдвэржилтийн төсөл их ирүүлдэг, гэтэл Бүрдээс том төсөл хэрэгжүүлэх санаачлага гардаггүйг УИХ-ын гишүүн Г.Батхүү сануулсан юм.
Дээр дурдсан сүүний үйлдвэрүүдийг Уянга, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан суманд байгуулсан. Одоогоор Хархорин, Уянга сумын сүүний үйлдвэр үйл ажиллагаа нь хэдийнэ тогтворжиж, зургаан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж эхэлжээ. Ээлжиндээ нэг тонн, хоногт гурван тонн сүү боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэрийг манай суманд байгуулж өгөөч гэсэн хүсэлт очсон сум бүрт гарч байлаа. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй гэх хүмүүс байхад цалин нэмэхээр цалин авдаггүй иргэд хөлд нь чирэгдээд байна, үнийн хөөрөгдлийг яаралтай бууруулмаар байна гэх шүүмжлэл өрнүүлэх нь олонтаа байв.
Есөнзүйл сумын эмнэлэг Зайн оношлогооны тасаг байгуулахаар төлөвлөжээ.
Есөнзүйл сумын эмнэлэг Зайн оношлогооны тасаг байгуулахаар төлөвлөжээ. Иргэд нь арав гаруй төрлийн шинжилгээг сумынхаа эмнэлэгт өгчихдөг, одоо мэс заслын эмчтэй болчихвол мэс засал хийх бололцоотой, саяхан ЭХО аппарат авсан, зөөврийн рентгэн авчирсан гээд таатай мэдээ олныг дуулгаж байна лээ. “Өвөрхангайд АН-аас сонгогдсон гишүүдийн санаачилж байгуулсан Бизнес хөгжлийн төв сайн ажиллаж байгаа. Хүн бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлж хөл дээрээ зогсохын тулд энэ төвд “бойжиж” байна” хэмээн бизнес эрхлэгчид ярьсан. Тус сумын хувьд үлийн цагаан оготно ихэсч бэлчээр цөлжиж байгаа, ЗДТГ-ын байр зориулалтын бус гэх асуудлыг “тулгамдсан” гэж тодорхойлсон.
Өлзийт сум буйдхан. Нүүлгэх шаардлагатай сумын тоонд ордог. Сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 84 хувь нь сумын төвийг төв зам дагуулж нүүлгэх нь зөв гэжээ. Тэгэхээр шинээр барилга байгууламж барихаасаа өмнө сумын төвийг нүүлгэх эсэх асуудлаа шийдвэрлэх хэрэгтэйг гишүүн санууллаа. Сумын төвийг нүүлгэж төлөвлөлтийг сайн хийж, дэд бүтцээ байгуулах нь нэн чухал. Үүнээс гадна улстөржиж намчирхах байдлыг зогсоох, малчдыг орон сууцжуулах хэрэгтэй гэж иргэд саналаа хэлсэн. Мөн л сүүний үйлдвэрийг сонирхох иргэд олон байлаа. Тус сум 500 малчин өрхтэй гээд бодохоор сүүний чиглэлийн үйлдвэрлэлээс багагүй орлого олох бололцоотой.
Баян-Өндөр сум 275 мянган толгой малтай. Аймагтаа хамгийн их мал тоолуулжээ. Бусад сумдын адил цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа аж. Энэчлэн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал 2315 төгрөг байгааг нэмэх, УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь намаас сонгодог байх, спорт заалыг засварлах гэх зэрэг асуудлыг иргэд уулзалтын үеэр ярьж байлаа.
Сант сум төвдөө 345 өрхтэй, 0-5 насны 286 хүүхэд байдаг. Цэцэрлэгийн хамрагдалт хангалтгүй. Тиймээс цэцэрлэг барих шаардлагатай байна гэсэн санал хүсэлтийг сумын иргэд хэлж байв. Сумын Засаг дарга Б.Бэхбат шинээр цэцэрлэг барих хүсэлтийг уламжилсан албан бичгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүд гардуулаад сумын иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлгээр 150 хүүхдийн цэцэрлэг барих шаардлагатай гэсэн дүн гарсныг дуулгав. Үүний зэрэгцээ “Хүүхэд харах үйлчилгээ” буюу хувийн цэцэрлэг байгуулж улсаас татаас авах тухай яриа хэзээ ажил хэрэг болохыг асууж сонирхох хүн олон байлаа.
НҮБ-ын хөтөлбөрөөр Өвөрхангай аймгийн хоёр сумын дэд бүтцийг барьж байгуулахаар болсны нэг нь Сант. Дэд бүтцийг шийдвэрлэхээс өмнө сумынхаа төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй гэдгийг Г.Батхүү гишүүн сануулсан юм.
Сант сумынхны өөр нэг сонирхсон асуудал нь малын үүлдэр угсаа сайжруулах, цөм сүргийн талаар. Өвөрхангай аймагт АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачлан “Альпин” үүлдрийн ямаа нутагшуулж буй. Өдөрт 3.5 литр, жилдээ нэг тонн сүүний гарцтай, гурав дахин бага тэжээл хэрэглэдэг, жилийн 275 хоног саах боломжтой гээд энэ үүлдрийн ямааны давуу тал их.
Тарагт суманд байгаа цөм сүргээс эцэг мал авч малын үүлдэр угсааг сайжруулах хүсэлтэй олон малчид уулзалтад ирсэн байсан.
“Альпин” ямаанаас худалдаж авах, мөн Тарагт суманд байгаа цөм сүргээс эцэг мал авч малын үүлдэр угсааг сайжруулах хүсэлтэй олон малчид уулзалтад ирсэн байсан. Өвөрхангай аймагт цөм сүрэг бүрдүүлсэн, Францаас ямаа авчирч нутагшуулсан зэрэг нь малчид тэндээс эцэг мал авч малын үүлдэр угсааг сайжруулах боломж бүрдүүлэх зорилготой. Тиймээс сумынхаа удирдлагуудаар дамжуулан ажил хэрэг болгоорой гэдгийг Г.Батхүү гишүүн тэдэнд хэлсэн юм.
Баянгол сум 3855 хүн амтай, 217 мянган толгой малтай. Хонин сүрэг их өсдөг онцлогтой нутаг. Тэгэхээр сумандаа ноосны үйлдвэр байгуулах хэрэгтэй хэмээн гишүүн онцолсон. Сүүлийн үед барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд ноосны эрэлт хэрэгцээ их байгаа. Тиймээс Баянгол сум ноос боловсруулах үйлдвэр байгуулбал зах зээл, эрэлт бий гэдгийг тэрбээр дуулгалаа.
“Сум хөгжүүлэх сан”-гийн санхүүжилт хагас жилээс хойш орж ирдгээс улирлын чанартай зарим ажлыг хийж амжаагүй хойшлуулдаг, улмаар хөрөнгө оруулалт нь эргээд татагддаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байна гэж Сант сумын удирдлагууд шүүмжилж байлаа. Иргэдийн хувьд банкны зээлийн хүү хэт өндөр, төрийн албан хаагчид цалингийн зээлийн дарамтад амьдарч байна, сурагчдын дүрэмт хувцас чанаргүй, эмнэлгийн барилга нуралт үүссэн гээд олон асуудлыг уулзалтын үеэр хөндсөн. Тус сумын эмнэлгийн хамт олон шинээр эмнэлэг барьж өгөөч гэсэн хүсэлтээ албан бичгээр өгөв.
Үүний зэрэгцээ сумын төрийн албан хаагчдаас эрүүл мэндийн шинжилгээ шаарддаг. Шинжилгээ өгөх гэхээр заавал аймгийн Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвд өг гэдэг аж. Ирж, очих замын зардал 14 мянга, очоод 20 мянган төгрөгөөр шинжилгээ өгнө. Гэтэл эдгээр шинжилгээг нь сумын эмнэлэгт авдаг юм байна. “Эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг. Тэгсэн хэрнээ шинжилгээ төлбөртэй өгч, дээр нь заавал суманд авдаг шинжилгээг аймагт очиж өг гэдэг нь ямар учиртай вэ” гэсэн асуултыг сургуулийн багш нар тавьж байв.
Дүрэмт хувцасны тухайд өөрсдөө орон нутагтаа чанартай, шаардлага хангасан хувцас үйлдвэрлэж сурагчдад нийлүүлдэг байх хэрэгтэй гэж Г.Батхүү гишүүн хэлээд ер нь үйлдвэржих төслийг том, жижиг гэлгүй хэрэгжүүлэх, хүн бүр хийж бүтээх нь чухал гэв. Тиймээс тэрбээр очсон сум бүртээ оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст оёдлын машин, сургуулийн хөдөлмөрийн кабинетэд багаж, хэрэгсэл өгсөн юм.