Сайн малчинд шагналыг нь гардууллаа
Билгийн улиралын 17 дугаар жарны “галзууруулагч” хэмээх модон хонин жилийн цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жилийн “Улсын сайн малчин”-аар нийтдээ 70 малчныг тодруулсан билээ. Өвөрхангай аймгийн хувьд энэ жил Улсын сайн малчинаар 5 малчин тодроод байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын даалгавараар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Улсын сайн малчин”-аар шалгарсан Баян-Өндөр сумын малчин Гомбодоржийн Цэрэнцунцаг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчин Сэрээнэндоржийн Пунцаг нарт “Улсын сайн малчин”-ны өргөмжлөл, цул мөнгөөр урласан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл, бусад бэлэг сэлтийг гардуулж баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймаг орон нутгийн төр, захиргааны өргөмжлөл дурсгалын зүйл, бэлэг сэлтийг гардууллаа.
Улсын сайн малчин Г.Цэрэнпунцаг нь хугацаат цэргийн албаа хаасны дараа 1992 оноос мал маллаж эхэлжээ. Тэрээр 1994 онд 22 настайдаа 200-аад малтай өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байсан бол өдгөө 2000 гаруй толгой мал тоолуулж, Улсын сайн малчин болж байна. Түүний аав Гомбодорж аймгийн хошой аварга малчин бөгөөд Г.Цэрэнпунцаг аавынхаа мал маллах арга ухааныг өвлөж, 2009 онд аймгийн сайн малчин, 2013 онд Алтан унаганы эзнээр тодорч байжээ. Тэрээр сүүлийн таван жил адуун сүргийн тоогоороо сумандаа тэргүүлж байгаа гэнэ. 2014 оны жилийн эцсээр 300 гаруй адуу тоолуулжээ.
Харин Улсын сайн малчин С.Пунцаг ньэхээс 14-үүлээ бөгөөд 12 наснаасаа мал маллаж эхэлжээ. Гэр бүл зохиож, гал голомтоо бадраахдаа 20-иод тооны малтай эцгийн гэрээс тасарч байсан бол одоо тэрээр өдгөө 2200 гаруй мал тоолуулж, Улсын сайн малчны болзол хангаад байгаа юм. Улсын сайн малчин С.Пунцагынх 6 хүүхэдтэй тэдний 5 нь өөрсдийн сонирхлоор мал маллаж, амьдрал ахуйгаа авч яваа аж. Түүний төрсөн дүү С.Сандагдорж 2011 онд улсын сайн малчин болж байжээ.Ийнхүү удам дамжсан малчны хотноос бас дахин улсын сайн малчин шинээр төрснөөр Өвөрхангай аймгийн Бүрд сум нийтдээ 11 дэхь Улсын сайн малчнаа хүлээж авлаа.
Улсын сайн малчдад шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, нарын зэрэг албаны хүмүүс оролцов.
Малчны хотод гардуулсан шагнал гардуулах ёслолын дараа хангай дэлхий хур буянаа хайрлаж цасан цагаан ширхэг хавь ойрыг бүрхэхэд малчин түмний сэтгэл тэнийж ашгүйдээ “Мал хуй маань амны устай болох нь дээ” хэмээн холын гийчдийн билэг ерөөлд талархаж байлаа.