Хугацаа богино учир сайдын суудал руу санаархахгүй байх
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.08.07

Хугацаа богино учир сайдын суудал руу санаархахгүй байх

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа зарим хуулийн төсөл болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Тэрбээр "Хугацаа богино байгаа учир хүмүүс сайдын суудал руу санаархах нь бага байх. Эдийн засгийн хямралтай байгаа үед шууд сайдын ажлаа гүйцэтгээд явах тийм л хүмүүсийг сонгоод сайдад нэр дэвшүүлэх болов уу гэж харж байгаа. Манай намын бүлгийнхэн Засгийн газрын тогтвортой, шуурхай ажиллах бололцоог хангах үүднээс шинээр томилох зургаан сайдыг дотроосоо буюу УИХ-ын гишүүдээс сонгохоор болсон. Фракц, бүлгийн явцуу эрх ашгийг хангахгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

-УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж, яаралтай батлах ёстой гэсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Таны хувьд энэ удаагийн ээлжит бус чуулганаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Өнгөрсөн хаврын чуулганаар улс орны хөгжил, эдийн засгийн хүндрэлээс гарахад дэмжлэг үзүүлэх зарим хуулийн төслийг баталж чадаагүй. Тиймээс яаралтайгаар ээлжит бус чуулган зарлаж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа зарим хуулийн төслийг батлах ёстой гэсэн УИХ-ын даргын захирамж гарсан. Энэ дагуу ээлжит бус чуулганаар чухал хуулиудыг батлах гэж байна. Эдгээр хуулийн төслийн зарим

нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс гарахад дэмжлэг үзүүлэх хуулийн төрөл бий. Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл. Мөн жил дамнасан Эрүүгийн өршөөлийн хуулийг ч батлахаар хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулийн төслийг бол иргэдийн хүсэлт, хүлээлтийн дагуу батлах гэж байгаа. Эдгээр хуулийн төслийг батлах нь ээлжит бус чуулганы үр дүн.

Жинхэнэ итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагаа байсангүй гэж дүгнэж байгаа

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд Эрүүгийн хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх саналтаа байгаа шүү дээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Хуулийн төслүүдийн хоёр нь анхны хэлэлцүүлэгтээ явж байгаа. Уг нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн төслийн хувьд бүх зарчмын зөрүүтэй санал нь гараад анхны хэлэлцүүлэг явж байгаа. Ямар нэгэн хөндлөнгийн саад бэрхшээл үүсэхгүй бол эдгээр хуулийн төслийг батлах бүрэн боломж бий.

-Яаралтай батлах ёстой хуулийн төслүүд байгаа учир ээлжит бус чуулган зарлаж байна гэж мэдэгдэж байгаа. Үнэндээ, Ч.Сайханбилэгийн кабинетад өөрчлөлт хийх асуудлыг л хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан юм биш шүү. Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхий сайд ч МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж, өчигдрийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцлээ. Тэгэхээр ээлжит бус чуулган нөгөө л сандал ширээтэй зууралдсан асуудлыг хэлэлцээд дуусах юм биш үү?

-Засгийн газрын зарим сайдыг огцруулах, оронд нь томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ үүнийг улстөржүүлэх шаардлага байхгүй. Учир нь манай намын Гүйцэтгэх зөвлөл хамтарсан Засгийн газрыг байгуулах үед МАН- тай байгуулсан зөвшилцлийн гэрээг хангалтгүй хэмээн үзэж, цуцлах шийдвэр гаргасан. Нэгэнт хамтрахгүй гэсэн шийдвэр гарсан байхад зууралдаж үлдэх сонирхол байхгүй байгаа байх. Тиймээс хаана хаанаа үүнийг ойлгоод асуудлыг яаралтай шийдэх  ёстой. Улс орны өмнө тулгарсан эдийн засгийн хямралыг даван туулахын тулд эх орны эрх ашгийн үүднээс асуудалд хандах байх. Тухайлбал, үүний дараа буюу ирэх есд үгээр сарын 15-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газрын асуудлыг хэлэлцэж дуусгасан байх ёстой. Нэг л эх орон, нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж байгаа шүү дээ. Хамтарсан, хамтраагүй чухал асуудлыг хэлэлцэх гэж тангараг өргөсөн учраас үүнд ухаалаг хандах байх.

Сонгууль дөхсөн байгаа учир нам дотроо албан тушаалын тэмцэл өрнүүлэх нь зохимжгүй

-Гэхдээ шинэ сайдуудыг томилох, цаашлаад дэд сайд нарыг томилох асуудал үүснэ. Ардчилсан нам фракцын тогтолцоотой учир албан тушаалыг тэгш хуваарилна гэх байх. Эс бөгөөд дахиад л засаглалын хямрал бий болохгүй юу?

-Ч.Сайханбилэгийн кабинетын бүрэн эрхийн хугацаа дуусахад багагүй хугацаа үлдээд байна. Хугацаа богино байгаа учир хүмүүс сайдын суудал руу санаархах нь бага байх. Дөрвөн жилийн хугацаанд сайд хийх байсан бол өөр хэрэг. Нөгөөтэйгүүр, богино хугацаанд сайд болох гэж байгаа хүмүүст тодорхой шаардлага тавих байх. Эдийн засгийн хямралтай байгаа үед шууд сайдын ажлаа гүйцэтгээд явах тийм л хүмүүсийг сонгоод сайдад нэр дэвшүүлэх байх гэж харж байгаа. Манай намын бүлгийнхэн Засгийн газрын тогтвортой, шуурхай ажиллах бололдоог хангах үүднээс шинээр томилох зургаан сайдыг дотроосоо буюуУИХ- ын гишүүдээс сонгохоор болсон. Фракц, бүлгийн явцуу эрх ашгийг хангахгүй.

-Тэгэхээр энэ удаад шинээр томилох зургаан сайдын суудлыг фракцуудад тэгш хуваарилахгүй гэсэн үг үү?

Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлэх асуудал хуулиар Ерөнхий сайдын эрх мэдлийн  хүрээнийх. Ерөнхий сайд намын дарга болон холбогдох бүлгийн даргатай зөвшилцөж шинээр томилох сайдуудын нэрсийг өргөн барих , байх. Түүнээс биш фракцад суудал хуваарилах маягаар томилгоо хийх нь буруу.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д хамгийн олон суудалтай АН-ын хувьд   Засгийн газрын тэргүүн нь намын даргын албыг хамт хаших ёстой гэж үзэж, ҮЗХ-г хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Та ҮЗХ-г хуралдуулах Ерөнхий сайдын шаардлагын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ,-ын бүрэлдэхүүн их өвөрмөц. Олонхи болсон улс төрийн хүчин байхгүй. Ардчилсан нам олон суудал авсан. Харин олонх болж чадаагүй. Ардчилсан намд дангаараа Засгийн газар бүрдүүлэх боломж, бололцоо байхгүй. Заавал УИХ дахь аль нэг улс төрийн хүчинтэй эвсэж байж Засгийн газрыг бүрдүүлнэ. Гэхдээ олон суудалтай учир санаачлагч нь Ардчилсан нам. Тиймээс сонгууль дөхсөн байгаа учир нам дотроо албан тушаалын тэмцэл өрнүүлэх нь зохимжгүй. Намын дарга ч шинээр сонгогдсон байгаа учир өнөөгийн тогтолцоогоор явах хэрэгтэй. Манай намын бүлгийнхэн хэрэв Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндвөл нэгдсэн байр сууринаас хамгаална. Улс орны эрх ашгийн үүднээс ийм шийдвэр гаргасан. Учир нь Засгийн газар ойр ойрхон ганхах нь эдийн засгийн хүндрэлтэй үед сайн зүйлийг авчрахгүй. Хэрэв энэ шийдвэрийг зөрчвөл тухайн хүнд улс төрийн хариуцлага хүлээлгэнэ.

-Улс төрийн хариуцлага гэдэг нь сонгуульд өрсөлдөх эрхийг нь хязгаарлана гэж ойлгож болох уу?

-Тийм ээ.

-МАН зөвшилцлийн гэрээний зарим зүйл заалтыг зөрчсөн мэтээр тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэгтээ Ардчилсан   намын    фракц хоорондын тэмцэл       өрнөж байна хэмээн дүгнэх хүмүүс байна. Та үүнтэй    санал нийлж байна уу?

-Манай нам бол ардчилсан нам. Намын дүрмээс гадна тогтсон дэг бий. Гишүүн бүр өөрсдийн байр суурийг чөлөөтэй илэрхийлж болно. Хэвэнд цутгасан мэт нэг нь удирдаж, бусад нь дагадаггүй. Олон ургальч үзлийг уралдуулж, зөв гаргалгааг  эрэлхийлж. олонхоор шийддэг. Тэр дагуу намын дарга, Ерөнхий сайд хоёр санал зөрөлдөж байгаа байх. Бие биенээ үзэхгүй байгаа биш. Тодорхой асуудалд үзэл баримтлалын зөрчил үүссэн байгаа. Бусдын хэлээд байгаа шиг манай намд эвдрэлцэж, муудсан зүйл байхгүй. Эвээр бүх асуудлыг шийдэхээр явж байна.

Бусдын хэлээд байгаа шиг манай нам эвдрэлцэж, муудсан зүйл байхгүй

-Хоёр намын хооронд байгуулсан зөвшилцлийн гэрээний хэрэгжилтийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Сэтгэл дундуур байгаа. Уг нь эдийн засгийн хямралтай үед хоёр том нам хамтарч чухал асуудлуудыг зоригтойгоор шийдсэн бол улстөрчид гэхээс илүүтэйгээр улс орон маань хожих байсан. Харамсалтай нь, зөвшилцлийн гэрээнд туссан томоохон асуудлаас ихэнх нь биеллээ олсонгүй. Биеллээ олоогүй шалтгаан ньхарилцан итгэлцэл. Гэрээнд харилцан итгэлцлийн талаар тодорхой заалт бий. Хамтарсан Засгийн газрыг байгуулсан цагаас хоёр намд харилцан итгэлцэл байсангүй.

Сонгууль дөхсөн учир богино зайны улс төр хийж байна. Хамтарсан даруйдаа МАН-аас сонгогдсон сайд нь хөдөө орон нутагт иргэд хөдөлмөрчидтэй уулзахдаа “Ардчилсан нам Засгийн газрыг удирдаж чаддаггүй. Тиймээс бид Ардчилсан намын урилгыг хүлээн авч хамтарсан Засгийн газарт орлоо. Эс тэгвээс улс орон дампуурах нь  хэмээн ярьж байсан удаатай. Миний хувьд жинхэнэ итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагаа байсангүй гэж дүгнэж байгаа.