Мэндчилгээ
Монголын Ахмадын Чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2015.08.20

Мэндчилгээ

Монгол Улсын үе үеийн түүхийг бүтээлцэж, бичилцэж, өвлүүлж ирсэн азай буурлууд Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Монголын Ахмадын Чөлөөт Холбоо үүсч хөгжсөний 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн хүргэж байна.

Ард түмнийхээ тэргүүлэх хүч, ажил амьдралын арвин их мэдлэг туршлагатай ахмад үеийнхээ аз жаргал, сайн сайхны төлөө нийгмийн захиалгаар эрслэн тэмцсэн Монголын Ахмадын Чөлөөт Холбоо нь ахмадуудад тулгамдаж буй олон асуудлыг эрх барьж буй төр засгаар шийдвэрлүүлэхийн тулд борви бохисхийх завгүй зүтгэсээр 10 жилийг үдлээ. Эхний 7-8 жилд бид сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө халаасыг нимгэлэн нийт ахмадуудын төлөө зүтгэж, муу нэр сонсон адлагдан ажиллаж байсан.

Ахмадуудын тэтгэвэр тэтгэмж, олон хүүхэдтэй ээжүүдийн одон, одонгийн тэтгэлэг, ахмад дайчдын орон сууц, дайнд оролцсоны тэтгэлэг, ахмадын харъяалал, газар шорооны асуудлууд нь тууштай, цуцалтгүй хурцхан тэмцлийн ачаар л шййдвэрлэгдэж байлаа. Харин сүүлийн 3 жилд манай байгууллага Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдөж, Засгийн газрын зарим чиг үүргийг хүлээн, улсын хэмжээнд ахмадын асуудлыг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын нийт ахмадуудад тэгш шударгаар жигд үйлчлэхийг зорьж, Нийслэл дүүрэг, 21 аймаг, бүх сумдад амьдарч буй ахмадуудад хүрч үйлчлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Гэвч ахмадуудын нийтлэг эрх ашгийг ахмадуудын санаанд хүртэл хамгаалж чадаагүй, ахмад настны нэрээр олон жил төсөв, хөрөнгө завшиж, идээшин дассан Монголын Ахмадын Холбоо нь хуучинсаг үзэл, явцуу бодолтойгоо зууралдаж, ахмадуудыг хуурч, сонгуульд ашиглахын тулд намын үзэл суртлаар хүлсээр байна. Хал үзсэн хашир буурлууд тэдний золиос болон хууртагдаж өөрсдийнхөө хувь заяагаар тоглохгүй гэдэгт Монголын Ахмадын Чөлөөт Холбоо итгэж байна. Намынхаа байраар очихдоо, сонгуулийн кабинд саналаа өгөхдөө үзэл бодлоо илэрхийлж, бусад үед ахмад үеийн хөгжлийг шинэ шатанд гаргах үйлсэд хувь нэмрээ оруулан хичээхийг ахмад бүрээс, хүн бүрээс хүсч байна.      *

Ахмадуудыг улс төрийн намын гишүүнээр ялгаварлан гадуурхахгүй, ахмадуудын нэгдмэл байдлыг хангаж, өнөөдрийн болон ирээдүйн ахмад настанд тулгарах зовлон бэрхшээлийг арилгах, сэтгэл тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх асуудлыг судалгааны үндсэн дээр нухацтай дүгнэж, шийдвэрлэх ажлуудаа шатлан төлөвлөхөд ахмад бүрийн, хүн бүрийн хүчин зүтгэл нэн шаардлагатай байна. Ахмад настан бүр өөрийнхөө сайн сайхны төлөө Монголын Ахмадын Чөлөөт Холбоотой хамтран хөдөлмөрлөвөл амжилтад хүрнэ.

Ахмад настны нийтлэг эрх ашгийг бүрэн хамгаалсан Ахмадын эрхийн тухай хууль боловсруулан батлуулах, ахмад настныг хамгаалах тэтгэвэр, амьдралын баталгааг хангах нэмэлт орлоготой болгох, Ахмад настан гэж хэнийг хэлэх, нийгэмд эзлэх байр суурийг хуульчлан тодорхойлох, ахмад хүн өөрийн хувь нэмрээ улс орны хөгжилд оруулах нөхцөл боломжийг нээж өгөх, ахмад настны сайн үйлсийг урамшуулах, ахмадуудын мэдлэг туршлагыг өвлүүлэн үлдээх, ахмад үеийнхээ эрүүл мэнд, асаргаа сувилгааг шинэ шатанд гаргах зорилтуудыг бид дэвшүүлэн ажиллаж байна.

Бидний дэвшүүлсэн дээрх зорилтуудыг нэг цагийн өмнө ч болов хэрэгжүүлж чадвал ач тусыг нь хүртсэн ахмадууд баярлах нь дамжиггүй. Ахмад үеэ баярлуулж чадвал хойч үе маань ч сэтгэл хангалуун, баяр баясгалангаар дүүрэн амьдрах юм. Ахмадаа сонсдог төр засагтай, ард олноо үлгэрлэн дагуулдаг ахмад үетэй, эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө зүтгэдэг хойч үетэй байх сайхан цаг ирнэ гэдэгт бид итгэж, найдаж байна.

Өрлөг түүхийн өмнө өвөг дээдсийн буян заяа мөнхөд дэлгэрч байх болтугай.

                     Монголын Ахмадын Чөлөөт Холбоо