Улсын арслан Э.Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам” боллоо
Улсын арслан Э.Оюунболд
2015.08.17

Улсын арслан Э.Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам” боллоо

Эзэн богд Чингис Хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн алдар цуутай бөхчүүд олон байдаг.

Харин тэдний залгамж халаа нь идэр залуу 22 насандаа буюу энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, “Монгол Улсын арслан” хэмээх эрхэм цолыг хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын унаган хүү Энхтөгсийн Оюунболд юм.

Түүний энэхүү түүхэн амжилт нь хагас зууны дараа гаргаж байгаа амжилт бөгөөд өдгөөгөөс 52 жилийн тэртээ буюу 1963 онд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд 22 насандаа түрүүлж, хамгийн залуудаа Монгол Улсын арслан цол хүртсэн бөхөөр түүхэнд нэрээ бичүүлж байжээ.

Тэгвэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын даяар дурсагдах, далай даян, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ 1999 оны Төрийн их баяр наадамд 12 дахь түрүүгээ авснаас хойш 16 жилийн дараа ийнхүү Хан Хэнтий нутгаас төрийн наадмын түрүү магнай төрлөө. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Э.Оюулболдын Улсын арслан цолны “Хүндэтгэлийн наадам”- ыг аймгийн ЗДТГ-аас Чингис хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунб.аатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, “Цагаан шонхор” холдинг компанийн Ерөнхий захирал Ч.Энхтайван, УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнэ, “Эрдэнэт” УБҮ-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар энэхүү наадмыг нээн хэлсэн үгэндээ “...Хүн бахархалтай байна гэдэг хамгийн сайхан. Харин хүний бахархал байна гэдэг хамгийн их хариуцлага шаарддаг зүйл юм. Ард түмнийхээ итгэл, хайрыг даах нуруутай байх нь чухал юм шүү” хэмээн шинэхэн арсландаа хандан захиасаа хайрлалаа.

Наадмын үеэр хүчит 64 бөхийн барилдаан болж, аймгийн арслан С.Ариунбилэг, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, улсын харцага Б.Пүрэвсайхан, аймгийн хурц арслан С.Эрдэнэхүү нар шөвгийн дөрөвт үлдэж, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн юм.

Мөн энэ үеэр их нас, соёолон, хязаалан насны хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваа явагдлаа. Мөн Монгол Улсын арслан Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх ёслол болж, аймгийн ЗДТГ-аас Чингис хотын “Хэрлэн” хороололд гурван өрөө байр, “Эрдэнэт” УБҮ- ээс Улаанбаатар хотод гурван өрөө байр,  20 сая төгрөг, залуу арслангийн зураг бүхий “Эрдэнэт” хивс, “Цагаан шонхор" холдинг компанийн Ерөнхий захирал Ч.Энхтайван шинэхэн арсландаа Улаанбаатар хотын Зайсан толгойд таван өрөө байр, авто машины зогсоол, гражийн хамт бэлэглэсэн бол Хэнтий аймгийн сумын Засаг дарга нар нэг азарга адууг бэлэг болгон барилаа.

Ийнхүү бэлгийн цуваа тасралтгүй үргэлжилж байсан нь Хэнтий нутгийнхан бөхөө дээдэлдэг ард түмэн гэдгийн илрэл болж байв. Түүнчлэн Монгол Улсын арслан Э.Оюунболд аймгийнхаа удирдлагууд, бөхчүүд, засуулуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.