Ачиж журамлах төв байгуулах асуудлыг хойшлуулав
ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болов.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг оруулж ирж хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр Нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах дүрмийг танилцуулсан юм. Энэхүү төвийг байгуулснаар автомашин ачиж, тээвэрлэдэг 15 байгууллага нэг толгой байгууллагатай болж, журмыг шинэчлэн баталж, иргэдийг бухимдуулахгүй, орлогийн төлөө бус байх болно гэдгийг онцлсон.
Харин тэргүүлэгчид энэхүү төвийг байгуулах нь цагаа олсон асуудал биш харин одоо мөрдөж байгаа журмаа эргэн харж шинэчлэн батлах хэрэгтэй хэмээн эсэргүүцэж, энэхүү асуудлыг хойшлууллаа.
Дашрамд сонирхуулахад, өнөөдөр нийслэлд автомашин ачиж, тээвэрлэдэг 15, дугуй түгжих үйлчилгээг явуулдаг 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Автомашин ачиж, тээвэрлэдэг 15 аж ахуйн нэгж 96 тусгай зориулалтын автомашинаар дээрх үйлчилгээг үзүүлдлэг аж.
Автомашин ачиж, тээвэрлэх журмын дагуу 2013 онд 238 сая төгрөг, 2014 онд 707.7 сая төгрөг, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 221.3 сая төгрөгийн орлого олсон байна.