Хэврэгхэн гүрний эзэн
II Елизавета
2015.09.09

Хэврэгхэн гүрний эзэн

Өнөөдөр Их Британий хатан хаан II Елизавета хаан ширээнд суусныхаа 23 000 дахь өдрөө тэмдэглэж байна. Ингэснээр тэр өөрийн эмэг эх Викторияг гүйцэж түрүүлж Британий түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан болов. Гэхдээ Викторияг хатан хаан болоход Их Британи нь аж үйлдвэрийн хувьсгал хийж, дэлхийн талыг хянах чадалтай байсан бол Елизавета асар их хэмжээний өртэй, задран унаж буй улсыг хүлээж авчээ.

Хэврэгхэн гүрний эзэн

Елизавета гадаад бодлогын бүрхэг ирээдүйтэй улсыг өвлөж авав. Хэрэв Викториягийн үед британи цэргүүд жад, пулеметын хүчээр улсын хилийг тэлдэг байсан бол Елизавета тэр том гүрний задралыг харав. Дайн дууссаны дараа бүх зүйл нуран унах нь ойлгомжтой боллоо. АНУ-аас их хэмжээний зээл авсан нь дампуурлаас аварч лейбористуудын Засгийн газар хуучин холбоотнууд, үндэсний хөдөлгөөнүүдийн шахалтаар хуучин колонийн улсуудаа ээлж дараалан тавьж явуулав. Британий эзэнт гүрэн Хамтын нөхөрлөл буюу Хатан хааныг нэр төдий хүлээн зөвшөөрсөн янз бүрийн улсуудын алаг цоог нэгдэл болов.

1951 онд консерваторууд нөхцөл байдлыг хяналтандаа авах гэсэн боловч бүтэлгүйтэв. Суэцийн хямралаар Их Британи АНУ, ЗХУ-ын шахалтанд орж Суэцийн сувгаас цэргээ татаж, Ойрхи Дорнодын бодлогоосоо татгалзахад хүрэв. Англичууд Фолклендын дайны дараа л “Суэцийн синдромоос” ангижрав. Харин 1952 онд хаан ширээнд суусан Елизавета Суэцийн гутамшгийг биеэрээ амсав.

Гүнж байхаасаа тэр олон улсын харилцааны нарийн ширийнийг сонирхдог байв. Тэр үеийн дипломат, хожмын Канадын ерөнхий сайд Лестер Боулс Пирсоны ярьснаар Елизавата гадаад бодлогын тухай ярих дуртай байв. Ялангуяа Хамтын нөхөрлөлийн орнуудын харилцаа ирээдүйд ямар байх, энэ бүтцийн тусламжтай Өрнө, Дорныг холбож болох эсэх нь түүний санааг түгшээж байжээ. 

Дөрвөн настай Елизавета

Елизавета хатан хаан болонгуутаа ордондоо бүгэх дуртай эмэг эхээсээ ялгаатай гэдгээ харуулж Хамтын нөхөрлөлийн бүх орнуудаар явжээ. Тэр нийтдээ 325 удаа айлчлал хийжээ. Елизавета 17 улсын хатан хаан гэж тооцогддог ч албан ёсны үүрэг хүлээж гадаад, дотоод бодлогод нь оролцдоггүй.

Елизавета эцэстээ өөрийн хэврэгхэн гүрнийг хүч хэрэглэхгүйгээр удирдаж сурав. 1985 онд  Нассауд хийсэн айлчлалыг судлаачид онцолдог. Уулзалтан дээр байдал хурцдаж олонхи улс Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварласан бодлого явуулсных нь төлөө хатуу хориг тавихын эсрэг байсан ч Ерөнхий сайд Маргарет Тэтчер эсэргүүцэв. Эцэстээ Африкийн хэд хэдэн улс Хамтын нөхөрлөлөөс гарна гэж сүрдүүлэв.

II Елизавета хэний талд байгаагаа нээлттэй харуулдаггүй байсан ч ганцаарчилсан уулзалтууд хийж учир байдлыг тайлбарладаг байв. Дараагийн уулзалт дээр хатан хаан хэлэлцүүлгийг хүний эрхийн сэдэв рүү чиглүүлснээр ерөнхийлөгч, ерөнхий сайдууд хатан хаан бол арьс өнгөний эсрэг тэмцлийг дэмждэг нэгэн гэдэг ойлголт төрөв. Тэтчер хэсэгчилсэн буулт хийж онцын зөрчил гарсангүйгээр Хамтын нөхөрлөл задарсангүй.

Зэвсэглэсэн Хатан хаан

Түүнчлэн Елизавета хожигдож сурсан хүн. Канадын ерөнхий сайд Пьер Трюдо үндсэн хуулийн шинэчлэл хийж улс орноо бүрэн тусгаар болгосныг британичууд таагүй хүлээж авав. Ялангуяа Канад үр хөндөлтийг хуульчилж, ижил хүйстнүүдийг мөрдөхөөс татгалзаж, франц хэлийг хоёр дахь төрийн хэл болгож, Куб, ЗХУ-д айлчлал хийсэн нь англичуудыг айлгаж байв. Хатан хаан канадчуудын санаа бодлыг анхааралтай ажиглаж Ерөнхий сайдын алхмуудыг дэмжиж байлаа. Энэ нь Трюдог их гайхшруулсан гэдэг.

Ингэснээр хатан хаан нэг ёсны буулт хийсэн ч Канадын ард түмэнд тал алдсангүй. Хийсэн үйлийн үр шим гарч Хатан хааны ордны зарчмаар хүмүүжсэн Стивен Харпер 2006 онд Канадын засгийн эрхэнд гарав. Тэрээр Канадын бүх дипломат төлөөлөгчийн газруудад Хатан хааны хөргийг өлгөхийг тушааж, Канадын Агаарын цэргийн хүч, Тэнгисийн цэргийн нэршилд “Хатан хааны” гэсэн тодотгол нэмжээ.

Чухамдаа Елизаветагийн ачаар Хамтын нөхөрлөл 1960-80 аад оны хүнд үеийг давсан. Тэрээр зөөлөн хүчний бодлогын том төлөөлөгч. Ялагдаж чаддаг, ялахдаа өрсөлдөгчөө гомдоохгүй байж сурсан.

“Долоо хоног тутмын сэтгэцийн эмчилгээ”

Сүүлийн 63 жилийн турш мягмар гараг болгонд Их Британий ерөнхий сайдууд Букенгемийн ордонд ирж хатан хаантай ганцаарчлан уулздаг. Хатан хаан, Ерөнхий сайд хоёр хоёулхнаа бусдын нүднээс далд асуудлаа ярилцдаг. 63 жилийн турш Их Британий ерөнхий сайдууд хатан хаантай хямрал, амжилтаа ярилцаж, Засгийн газрын гишүүдээ муулж, хов жив, эргэлзээ тээнэгэлзэл, айдас түгшүүрээ хуваалцаж байна. Хэн нэгэн сэтгүүлч энэ уулзалтыг “Долоо хоног тутмын сэтгэцийн эмчилгээ” гэж нэрлэсэн.

Дэвид Кэмерон ба Хатан хаан

Экс ерөнхий сайдуудын яриагаар Хатан хаан голдуу асуулт тавьдаг аж. Хэрэв хариултад сэтгэл хангалуун биш бол юунд сэтгэл дундуур байгааг нь ерөнхий сайд ойлготол нь дахин дахин шинэ асуулт тавина. Засгийн газрын хуучин нарийн бичгийн дарга, Тони Блэр, Дэвид Кэмеронтой ажиллаж байсан Гаса О'Доннеллын ярьснаар хатан хааны танхим бол ерөнхий сайдуудын хувьд амар амгалангийн орон аж. Зөвхөн энд сэтгэлээ уудалж бүгдийг ярьж болно. Тийшээ орсон ерөнхий сайд сэтгэл дундуур гарч ирэх нь бараг үгүй.

Арвич, хямгач хатан хаан

Их Британид явуулсан санал асуулгаар Елизавета нь Елизавета I, Виктори хоёрыг рейтингээрээ ардаа орхиж хамгийн сайн хатан хаанаар шалгарчээ.

Елизавета бүх амьдралынхаа турш ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг гэсэн имижээ хадгалж тансаг амьдралыг хөөцөлдөөгүй. Тэр байтугай хуримандаа өмсөх даашинзаа авахын тулд мөнгө хурааж байв. 1990-иэд онд англичууд Хатан хааны гэр бүл хэтэрхий их мөнгө зарцуулж байна гэж гомдоллоход Елизавета сайн дураараа орлогын албан татвар, ашгийн татвар, хөрөнгийн татвар төлөх болж, айлчлалын үеийн нислэгийн тусгай рейсээр нисэхээс татгалзаж, “Британи” нэртэй хөлөг онгоцоо зарж, хоёр нисдэг тэргээ нэг болгожээ.

Хатан хаан нөхрийн хамт

Хатан хааны гэр бүл сайн үйлсэд мөнгө хайрладаггүй бөгөөд Елизавета 600 орчим сан, олон нийтийн байгууллагын хандивлагч аж. Тэрээр зоригтой шинэчлэл хийж хаан ширээ залгамжлагчид католик шашинтай хүнтэй гэрлэх хоригийг цуцалж, хаан ширээ өвлүүлэх журмыг өөрчлөв.

Цаашдаа хэдэн жил хаан ширээнд байхыг мэдэхгүй. Гэхдээ Елизавета задарсан улсыг хүлээж авсан, тэвчээр, алсын хараа, хүмүүсийн санаа бодлыг ойлгодог чанарынхаа ачаар Хатан хааны гэр бүлийн нэр хүндийг авч үлдсэн хүн юм.