УИХ-ын дарга З.Энхболд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар мэдээлэл хийв
УИХ-ын дарга З.Энхболд
2015.09.18

УИХ-ын дарга З.Энхболд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Улаанбаатар хотноо зохиогдож буй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын талаар өнөөдөр /2015.09.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрээр “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал хэмээх том арга хэмжээ 2 өдөр үргэлжлээд, өндөрлөх гэж байна. Монгол Улс 2012 оны ЕАБХАБ-ын 57 дахь гишүүнээр элссэн. Үүнээс хойш гуравхан жилийн дотор олон улсын хэмжээнд өндөр ач холбогдол бүхий энэ арга хэмжээг зохион байгуулах эрхийг хүлээж аваад, амжилттай зохион байгуулалаа. Энэ ажлыг Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран зохион байгуулсан Гадаад хэргийн яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналт болон “Шангрила”, “Туушин”, “Корпорэйт” зочид буудлууд, маргаашийн арга хэмжээ болох Цонжинболдог цогцолбор, Дуурийн театр зэрэг байгууллагууд, хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсоор талархснаа илэрхийлье” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газар энэ том арга хэмжээг ямар нэг алдаа доголдолгүйгээр зохион байгуулсан нь ирэх жилийн АСЕМ-ын хурлын бэлтгэл болж байгааг онцлов. Хурлын зохион байгуулалтын талаар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Илкка Канерва “Сайн” үнэлгээ өгсөн гэдгийг дурдаад, Монгол Улс цаашид ч гэсэн энэ байгууллагын ажилд идэвхтэй оролцох болно гэв.

 

Улсын Их Хурлын дарга хэвлэлийн хурлын төгсгөлд “Дэлхийн дахин болон бусад нутагт энх тайвныг сахин хамгаалах, маргаантай талууд хүч хэрэглэх биш, энэ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн талбарт санал солилцож, асуудлыг эв зүйгээр шийдэж байх нь чухал гэдгийг хоорондоо асуудалтай байгаа хэд хэдэн улс, орны төлөөлөгчид ярилцаж, уулзаж байгаа нь энэ арга хэмжээний ач холбогдол, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээг илэрхийлж байна. Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүний хувиар энэ хандлагыг дэмжин, идэвхтэй ажиллах болно” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.