Хориг үр дүнгүй ажил болов уу
2015.09.17

Хориг үр дүнгүй ажил болов уу

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулж Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулсан.

Хууль батлагдсан цаг, минутаас өршөөгдөж, ялаас чөлөөлөгдөх ёстой хоёр мянга орчим хүн хууль хэрэгжихийг сар гаруй хүлээж, ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. Тэднийг яаралтай суллахгүй бол өршөөгдөж ялгүй болсон хүнийг хилсээр хорьсонтой дүйхүүц хүний эрх зөрчсөн асуудал үүсч байгааг УИХ-ын зарим гишүүн дурдаж, Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг хурдан хийж, хуулийн түдгэлзээд байгаа заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Хоёр хоногийн өмнө болсон Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нэгдсэн чуулганы дараа залгуулан Ажлын хэсэг, Байнгын хороо хуралдаж, Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй батлаад, ээлжит бус чуулганаа өдөртөө багтааж хаана гэж УИХ-ын дарга зарласан. Гэтэл Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг хориг тавигдсан заалтуудын хэлбэрийг өөрчлөөд, яг тэр агуулгаар нь оруулж ирсэн тухай өчигдөр шуугив. Үүнээс болж Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшлоод байгаа. Холбогдох хүмүүсээс энэ талаар тодрууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат 

-Хууль зүйн байнгын хороо хэзээ хуралдах вэ?

-Байнгын хороо хэзээ хуралдах нь Ажлын хэсгийн ажлаас шалтгаална. Ажлын хэсэг Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслөө оруулаад ирвэл хуралдахад бэлэн байна.

-Ажлын хэсэг хориг тавьсан заалтуудыг хэлбэрийг нь өөрчлөөд оруулаад ирсэн гэсэн яриа гарлаа. Тийм зүйл болсон юм уу?

-Ажлын хэсэг үүн дээр сайн ажиллах ёстой. Өөрсдөө мэдэж байгаа байх.

-Ажлын хэсэгт ямар гишүүд байгаа вэ?

-АН-ын    бүлгээс Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл, Л.Болд, Х.Тэмүүжин, МАН- ын бүлгээс Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр, “Шударга ёс” эвслийн бүлгээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар байгаа.

-Ажлын хэсгийн олонх нь хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байсан гишүүд байна шүү дээ.

-Нам, эвслийн бүлгийн дарга нар гишүүдийнхээ нэрийг өгсөн нь энэ. Аль аль талаас л төлөөлөл байгаа.

-Шадар сайд Ц.Оюунбаатар Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Ц.Оюунбаатар өмнө нь Өршөөлийн хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Тэр утгаараа Ц.Оюунбаатар гишүүн Ажлын хэсгийг ахлах нь зөв гэж үзсэн.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн ямар төсөл оруулж ирсэн юм бэ?

-МАН-ын бүлэг Өршөөлийн хуулийг батлахад эсэргүүцэж байсан. Тэр байр сууриа хадгалж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ аль эрт зарласан. Ингээд УИХ дээр хоригийг хүлээж аваад хуулийн заалтыг өөрчлөх болоход зөвхөн хэлбэрийн өөрчлөлт хийсэн байна билээ. Өмнө нь 4.1, 7.1 гээд заалтыг тоогоор заачихсан байсан бол одоо заалтынх нь тоог орхиод, агуулгыг нь бичээд оруулаад ирсэн. Ингэхээр хоригийг хүлээж аваагүйтэй адил үр дүн гарахаар байгаа юм.

-Шадар сайд Ажлын хэсгийг ахалж байгааг юу гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газрын гишүүн УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан тохиолдол өмнө нь байгаагүй байх. Бас нэг буруу жишиг тогтож байна.