МАХН ирэх сонгуульд олонхи болох ёстой гэв
Сонгинохайрхан дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүд
2015.09.24

МАХН ирэх сонгуульд олонхи болох ёстой гэв

МАХН-аас намынхаа анхан шатны байгууллагуудын бүсийн зөвлөгөөнийг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг төвийн, баруун, зүүн, хангайн бүс болгон хуваасан энэхүү анхан шатны зөвлөгөөн энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд үргэлжилж байгаа юм. 

Тодруулбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүд, дэмжигчид Сонгины амралтад нэг өдөр чуулж, намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2016 онд ямар зохион байгуулалтаар оролцох, парламентад суудалтай улс төрийн намын хувьд улс орны болон нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцлоо.

Уулзалт өчигдөр өглөө 10.00 цаг гэж эхэлсэн бөгөөд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, МАХН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нарын хүмүүс үдээс өмнө илтгэл тавьсан юм.

Харин үдээс хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа анхан шатны нэгжийн гишүүд дэмжигчидтэй уулзаж, дурсгалын зураг татуулсан юм. МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт сэдвээр илтгэл тавьсан бол Г.Бямбасүрэн дарга “МАХН-ын дүрэм ба намын анхан шатны байгууллага сэдвээр илтгэл тавьсан юм. 

Г.Бямбасүрэн дарга илтгэлдээ МАХН-ын анхан шатны байгууллагуудын цаашдаа сонгууль угтан хэрхэн ажиллах, мөн гишүүд дэмжигчдийнхээ эгнээг нэмэгдүүлэх, намын сурталчилгааг сайтар хийх талаар ямар зохион байгуулалтаар ажиллах вэ гэдэгт илүүтэй анхаарч ажиллахыг онцлов.

МАХН-ын нэр хүнд өсөхийн хэрээр бусад намын гишүүд манайхыг сонирхох нь ихэсдэг. Тиймээс анхан шатны гишүүн бүр намдаа гишүүн элсүүлэх, өөрсдийн үзэл баримтлалын талаар тайлбарлаж ирэх 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт авчрахын төлөө гишүүн нэг бүр хичээл зүтгэлтэй ажиллах ёстойг сануулж байв.

Мөн улс төрийн намууд МАХН-аас санаачилсан Монгол Улсыг нэг тойрог болгох саналаас ихээхэн айж, өөрсдийн ашигтай байдлаар сонгуулийн хуулийг батлуулахаар санаархаж байгаа ийм үед жирийн гишүүд дэмжигчид өөрсдөө улс төрийн идэвхтэй байж, намынхаа үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг дэмжигчдэд, иргэдэд сайтар таниулах ёстойг санууллаа.