Авто худалдаачид эсэргүүцэл илэрхийлнэ
Авто худалдаачид эсэргүүцэл илэрхийлнэ
2015.10.06

Авто худалдаачид эсэргүүцэл илэрхийлнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захын худалдаа эрхлэгчид нэгдэн хэвлэлийн хурал хийж, өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ илэрхийллээ.

Учир нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэрээр 22-ын товчооны урд Авто худалдааны цогцолборыг байгуулан, эхний ээлжийг нь өнгөрөгч бямба гаригт ашиглалтад оруулсан билээ.

Эхний ээлжинд 6000 гаруй зогсоол, худалдаа үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, банк санхүүгийн байгууллагаас бүрдэх тус цогцолборт нийслэлд авто худалдаа эрхэлж буй иргэдийг ч хамруулах учиртай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор аравдугаар сарын нэгэн гэхэд нийслэл дэх авто захуудын үйл ажиллагааг зогсоох юм. Ингээд авто худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны төв рүү нүүлгэхээр шийдвэрлэсэн.

Гэвч авто худалдаа эрхлэгчид уг шийдвэрийг эсэргүүцэн “Иргэдийн амьдралд нийцээгүй шийдвэр” хэмээн эсэргүүцэж байгаа юм. Тэдний зүгээс Авто худалдааны цогцолборыг бизнес төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүй ажил хэмээн дүгнэв.

Нөгөө талаас Авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх гээд буй шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэй холбон тайлбарлаж байна. Авто худалдаа эрхлэгчид эрх ашгаа хамгаалуулахаар Үйлдвэрчний эвлэл байгуулжээ. Харин хуулийн зөвлөгөөг өмгөөлөгч Г.Батбаяраас авч байгаа аж. Өмгөлөөгч Г.Батбаяр Авто худалдаа эрхлэгчдэд тулгараад буй энэ асуудлыг ингэж тайлбарлав.

Авто худалдаа эрхлэгчдийн тавьж буй гол асуудал нь бүтээн байгуулалт, дэд бүтэц бүрэн дуусаагүй, үүнийг дагаад худалдан авагч ирэхгүй, мөн цогцолборын хэсэг нь хүйтэн, цэвдэгтэй, өвөл хүн ажиллах нөхцөлгүй, замын түгжрэлийг сааруулах нөхцөл бүрэлдэхгүй зэрэг юм. Энэ нь зөвхөн авто худалдаа эрхэлдэг 6-8 мянган иргэнээр зогсохгүй, тэдний ар, гэр, үр хүүхэд гээд 20-30 мянган иргэний эрх зөрчигдөж буй гэв.

/UBS ТВ/ Гурван талын байр суурийг хүргэж байна.

Тогтоол ёсоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй “Даа хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг авто худалдааны захын үйл ажиллагааг аравдугаар сарын нэгэн гэхэд зогсоохоор болсон. Гэхдээ одоогоор дээрх захын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Авто худалдаа эрхлэгчид ч нүүхгүй гэдгээ илэрхийлэн, дараагийн ээлжинд эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэдний зүгээс дараагийн удаа өлсгөлөн зарлах, зам хааж зогсох зэргээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэв.

Авто худалдаа эрхлэгчид энэ асуудлаа Авто худалдааны цогцолбор баригдах үеэс ярьж эхэлсэн билээ. Гэсэн ч тэдний энэ эсэргүүцлийг үл тоон Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт эхний ээлжийн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулсан. Харин захуудыг нүүлгэх, авто худалдаа эрхлэгчдийн эсэргүүцлийн асуудалд Авто худалдааны цогцолборын зүгээс ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.

Ийнхүү Авто худалдааны цогцолборын мэргэжилтнүүд үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна. Харин авто худалдаа эрхлэгчдийн зүгээс ч бууж өгөхгүй гэдгээ мэдэгдлээ.