МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.10.15

Хариу өгөхгүй бол ажил хаялт зарлана гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Хөдөлмөрийн хамтын маргаан”-ыг үүсгэх болсон тухай мэдэгдлийг өнөөдөр сэтгүүчдэд хийлээ.

Тус хамтын маргааныг “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн гуравдугаар зүйлийн 3.4 дэх заалтыг биелүүлэхийг Засгийн газраас шаардан хийж байгаа ажээ. МҮЭХ, Засгийн газар болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МОЭНХ/-той хамтран энэ оны нэгдүгээр сарын 15-нд төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх гурван талт хэлэлцээрийг хийн улсын төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгасан юм.

Энэ тухай МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Гурван талт хэлэлцээрийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг тавдугаар сарын 1-нээс, төрийн тусгай албан хаагчдын цалинг долоодугаар сарын 1-нээс нэмэх ёстой байсан. Мөн төрийн бусад албан хаагчдын цалинг аравдугаар сарын 1-нээс тодорхой мөнгөн дүнгээр нэмэх ёстой байсан юм.

Гэвч Засгийн газар 2016 оны улсын төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх тухай тусгалгүйгээр УИХ-д өргөн барьсан. Мөн бид хэлэлцээрийг хангуулах зорилгоор жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардлага, УИХ-д мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой хариу хэлээгүй.

/МОНГОЛ ТВ/

Тийм учраас бид МАОЭНХ болон Засгийн газарт хамтын маргааныг хийж байна” гэв. Тус холбооноос хамтын маргаан үүсгэх тухай шаардлагыг Монгол Улсын Засгийн газар, Монголын Ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоонд өнөөдөр хүргүүлсэн ажээ. Мөн хамтын маргаан үүсгэх шаардлагад ажлын гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол шат шатны арга хамжээг авах, цаашлаад ажил хаялт зарлана гэдгээ тус холбооноос мэдэгдсэн юм.