Япон Монгол руу 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулна
2015.10.15

Япон Монгол руу 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70.2 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуульд өөрчлөлт оруулах болсон нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотой аж. Энэ нь хөнгөлөлттэй тариф хэрэглэх заалт юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд аж ахуй нэгжүүд гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монголын эдийн засгийг бизнес эрхлэгчид авч яваа. Зах зээл байхгүй, олигтой технологи байхгүй хэцүү л байгаа шүү дээ. Улс төрөөр дэмжиж энэ хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийг батлахын өмнө УИХ-ын гишүүдэд том зузаан ном өгсөн, дараа нь цагаан ном өгсөн. Монгол Улс Японы зах зээлд 9000 төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах, Япон Монгол руу 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулна.

Гаалийн тариф нь ижил байна гэж заасан. Тэр дагуу орж ирж байгаа зүйл. Монголын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргаснаар 12.3 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ түүхэнд үлдэх хэлэлцээр, олон жилийн олон хүний хөдөлмөр. Ерөнхий сайд нь ирэх гэж байгаа учраас түүнд зориулж хуулиа өөрчлөх гэж байна гэж ярих нь буруу” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Оюун “УИХ-аас Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дэмжсэн. Татвар дээр ялгаварлалгүй ханд гэсэн болохоос бууруул гээгүй.  Энэ танилцуулган дээр хэдэн төгрөг хасагдах гээд байга юм, яагаад ялгавартай байгаа юм бэ гэдэг нь байхгүй байна”.

УИХ-ын гишүүн Л.Болд “Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь түүхэн зүйл шүү. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч энэ оронтой хэлэлцээр байгуулснаар Монголын хувьд асар том зах зээл нээгдсэн. Үүнийг дэмжих ёстой. Түүхэн боломжийг ашиглах ёстой. Ажлын хэсгийнхэн асуудлаа ойлгуулж чадахгүй байна шүү гэж байлаа”.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.