"Халх гол" чөлөөт бүсийн 26 мянган га талбайд хашилт хийнэ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.10.19

"Халх гол" чөлөөт бүсийн 26 мянган га талбайд хашилт хийнэ

ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар нийгмийн дунд багагүй маргаан үүсгээд байна.

Иймээс энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн нарийн бичгийн дарга болон "Өргөдлийн байнгын хороо"-ны дарга нарын хамт мэдээлэл хийлээ. Мөн "ХҮН" нам, Халх гол сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. 

ХХАА-ын сайд Р.Бурмаа мэдээллийнхээ эхэнд, "Халх гол" чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш тус бүстэй холбоотой олон талын судалгаа, шинжилгээг зохих байгууллагуудын хамтаар хийж байгаа гэдгийг хэллээ.

Тодруулбал, манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг нэмэгдуүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар "Мянганы хөгжлийн зорилт"-д суурилсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д туссан зорилтын хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоол баталсан билээ.

Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон одоо байгаа нөхцөл байдлын талаар зарим тоо баримт, судалгааг танилцууллаа.

"Халх гол" чөлөөт бүсийн хил хязгаарыг 500 мянган га-р тогтоож цаашид түүнийг хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр заасан байдаг. Мөн Засгийн газрын шийдвэрээр Халх гол чөлөөт бүсийг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлж өгсөн байдаг. Эдгээр баримт бичгүүдэд дурдсанаар Халх гол чөлөөт бүсэд тариалан хийхдээ тэг технологийг мөрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус чөлөөт бүсийн талбайн 14.4 хувь буюу 72 мянган га-г эргэлтийн талбай болгох гэнэ. Тариалалт хийхдээ элдэншүүлэггүй буюу тэг технологи ашиглана. Энэ нь тариалангийн хамгийн дэвшилтэт, сүүлийн үеийн технологи бөгөөд энгийнээр тайлбарлавал газрын хөрсийг жил бүр эргүүлж буйгаас татгалзан газрыг зүсэж үр суулган буцаан хаадаг өөрөөр хэлбэл цахилгаан цахилгаандаж буй мэтээр тариалалт хийхийг хэлнэ. Халх голын үржил шим сайтай атлаа салхинаас хамаарч элэгдэх аюултай энэ бүс нутагт газрын хөрсийг эргүүлэхгүй, чийгийг нь хадгалах энэ технологи хамгийн тохиромжтой аж.

Тэрээр танилцуулгадаа “Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ өссөөр байна. Өнөөдрийн байдлаар, БНХАУ-д үхрийн махын бөөний үнэ 1 кг нь 8.5 доллар буюу 17000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 5 жилд тус улсад үхрийн махны үнэ 2 дахин өссөн байна. Үхрийн махны экспортоор дэлхийд тэргүүлдэг Бразил улс дэлхийн махны экспортын 20 хувийг буюу 1.2 сая тн мах дангаар нийлүүлж, 5.7 тэрбум ам.доллар-ыг улсынхаа эдийн засагт нийлүүлж байна.

Монгол улс 2014 оны байдлаар 1.5 сая долларын махны худалдааг бусад орнуудтай хийжээ. Энэ нь 21 мянган.тн мах гэсэн үг юм. Харин Халх гол чөлөөт бүс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн малын өвчингүй эрүүл бүс болсноор Зүүн бүсэд эдийн засгийн цонх бий болж тус бүсийн махны хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 400 сая ам.долларын мах экспортлох боломж бүрдэж байна” гэлээ.

/МҮОНТВ/

Халх гол чөлөөт бүстэй холбоотойгоор гарсан зарим асуудлуудад Р.Бурмаа сайд хариулт өглөө.

Халх гол чөлөөт бүсийн 500 мянган га талбайг хашна гэсэн яриа гараад байна. Энэ бодитой эсэхэд,

-500 мянган га талбайг тэр чигээр нь хашна гэдэг бол ташаа мэдээлэл. Хорио цээр, хяналтын бүсийг тодорхой хэмжээнд л тавина.Хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Нийт 26 мянган га талбайд хашилт хийнэ.Энэ бүс нь 500 мян га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд Халх гол чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй юм.

Гаднаас ажиллах хүч авах асуудалд,

-Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын 3 хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх юм. Жишээлбэл тэнд 1000 ажлын байр шинээр боллоо гэхэд түүний 3 хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм. Гол нь монгол иргэдээ ажилтай болгоно. Нийт 3000 хүний ажлын байр бий болно.

Чөлөөт бүс байгуулагдахаар гадны иргэд визгүй орж ирнэ гэсэн мэдээлэлд,

-Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас монгол улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ.

Түүнээс гадна тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-с дээш хувийг заавал Монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байгаа.  

Дэд бүтцийн тухай,

-Олон улсын жишгээр чөлөөт бүс бий болгосон газарт дэд бүтэц хурдтай хөгждөг. Үүний адилаар Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулагдаснаар тус бүс нутагт зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцүүд хөгжинө. Эдгээр нь Төрөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний талаар бодлогод орсон байдаг. Тус чөлөөт бүсэд 197 км урттай 35 кв-ийн цахилгаан шугам татах ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Ан амьтны нүүдлийг хамгаална

-Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлснээр зэрлэг ан, амьтны нүүдэлд нөлөөлөхгүй гэсэн хариултуудыг өгөв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон О.Содбилэг нарын гишүүд орж ирэн Халх гол чөлөөт бүстэй холбоотой асуулт асууж хариулт авлаа. Н.Номтойбаяр гишүүн энэ үеэр, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн хамтаар өнгөрсөн өдрүүдэд Халх гол чөлөөт бүс байгуулагдах гэж буй газар нутагт очиж, нутгийн иргэдтэй уулзсан тухайгаа хэлэв.  

 “Хансолмо гэх компани 30 мянган га газрыг эзэмших нөхцлөөр авсан ч  газраа буцаан өгсөн

“Халх гол чөлөөт бүс” төслийн захирал н.Энхжаргал  Солонгосчуудад өгсөн гэх газрын амаргаантай асуудалд хариулт өглөө. Тэрээр “2009 онд Халхголд солонгосуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын “Хансолмо” гэх компанид 30 мянган га газар өгсөн гэдэг. “Хансолмо” ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байсан. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж Монгол Улсын Үйзэн тал ХХК-д 14 мянган га, Цог-Октаэдр ХХК-д 6,9 мянган га , Ашдын нөхөр ХХК-д 4.8 мянганга-г тус тус олгосон байдаг юм байна.

Мөн “Голдан Сояа Бийн” компани нь 2011 оны 11 сарын 30-ний өдрийн А-108 тоот шийдвэрийн дагуу 10 мянган га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг нь энэхүү мэдээллийн сан дотор нь бүртгэгдээгүй байгааг хэлэв. Мөн түүнчлэн “Баян мэнэн” ХХК 500 га талбайг эзэмшдэг нь ямар нэгэн захирамж, шийдвэрээр олгогдсон гэх баримт олдохгүй байгаа ажээ. Тэгэхээр уг чөлөөт бүс байгуулах газарт газрын зөвшөөрөл нь асуудалтай хэд хэдэн аж ахуы нэгж байгаа ажээ.

Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т “энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх.”, хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ. Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна.

Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож. газар олголт ил тод болох юм. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагддаг ажээ.

Тоон судалгаанаас

Халх голын бүс нутаг нь хөдөө аж ахуйн чиглэлээр өнөөдрийг хүртэл хамгийн өргөн хүрээнд, хамгийн урт хугацаанд судлагдсан бүс нутаг юм. Анх 1967 онд Монгол Оросын хамтарсан атрын экспедиц судалгаа хийж, Халх голд 10 сангийн аж ахуйн байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж байжээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдсэн байдаг.

Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгч байв. Тухайлбал 1967-1980 онд хийгдсэн судалгаагаар 270 мян.га газарт тариалалт хийх боломжтойг тогтоож, 50 мян Дорнодын мухар улаан үүлдрийн үхэр, 20 мянган барга хонь бордох мал аж ахуйн цогцолбор барих төлөвлөгөө гарч байжээ.