Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.11.03

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан эхэлллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Эдгээр хуулиудыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслүүдийн талаар гаргасан Ажлын хэсгийн саналын томьёоллуудыг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулсан бөгөөд санал тус бүрээр санал хураалт явууллаа.

Ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн ажлын хэсгийн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусган санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төслийг УИХ дахь МАН бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учир хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан учир хэлэлцэхийг хойшлууллаа.