Таван тэрбумыг харамлавал түүнээс их гарз хохирол
УИХ-ын нэр бүхий гишүүд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай ” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар тогтоолын төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.
Тэрбээр “Дараагийн сонгуулиас өмнө тогтолцооны гажуудлаа засвал 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент ингэж зовж суухгүй ” гэх байр суурийг илэрхийлсэн юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт хийхийн тулд заавал ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай юм уу?
-Монгол Улс ард нийтийн санал асуулгыг анх 1945 онд явуулж байсан. Түүнээс хойш ийм асуулга болж байсангүй. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталсан боловч нэг ч удаа хэрэглээгүй гэсэн үг. Хуулийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь нээлттэй байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон ч парламент дамжин ярилаа.
Тухайлбал, өнгөрсөн парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах таван хуулийн төсөл өргөн мэдуүлсэн ч нэгийг нь ч хэлэлцээгүй. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд энэ удаагийн парламент нэлээд нухацтай хандаж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа, эсэх талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд ажиллаж, хөндлөнгийн мэргэжлийн судлаачдын багаар судалгаа явууллаа. Үүнд үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий хэмээх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд шинээр батлагдсан Үндсэн хууль нийгмийн харилцааг зохицуулахад үр дүнгээ өгсөн хэмээн тусгасан байсан. Гэхдээ өнөөдрийн түвшинд сайжруулах хэд хэдэн зүйл байгааг дурдсан.
-Тэр нь юу юм бол?
-Үндсэн хуульд төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт бий. Энэхүү заалтад тулгуурлан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг шууд хэлэлцэх нь зохимжгүй. Тиймээс эхлээд ард түмнээс асуух ёстой юм.
-Хэрэв ард түмэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл яах вэ?
-Тэр тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцэнэ. Санал асуулга явуулахын тулд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой.
-Санал асуулгыг хэрхэн явуулах вэ. 1945 оноос хойш ашиглаагүй арга учраас иргэд сайн мэдэхгүй байж болох?
УИХ-ын гишүүн А.Бакей
-Санал асуулгын хуудсанд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримт-лалыг дэмжиж байгаа юу” гэсэн нэг асуулт, хоёр хариулт байхаар төлөвлөж байгаа. Санал асуулгыг сонгуулийн зарчмаар явуулна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль хийдэг дэгийн дагуу зохион байгуулах юм. Иргэн бүр өөрийн биеэр ирж саналаа өгнө. Саналын тооллогыг автомат машинаар тоолно. Шаардлагатай гэвэл зарим тойрог, хэсгийн хороодод гар аргаар тоолж, баталгаажуулах юм.
-Санал асуулга явуулахад таван тэрбум гаруй төгрөг зарцуулахаар тусгажээ. Эдийн засгийн хямралтай үед ийм их хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэггүй гэх шүүмжлэлийг зарим гишүүн өгөөд байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг тоглоом биш. Төрийн том ажил. Үүнд Засгийн газрын нөөц сангаас 5.5 тэрбум төгрөг төсөвлөх боломжтой. Энэ бол Монгол Улсын иргэн бүрийн амин чухал асуудал учраас ийм хэмжээний харамлавал түүнээс илүү их гарз гарна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн тогтвортой байдлын үед хэлэлцдэг. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал нүүрлэснийг улстөрчид төдийгүй судлаачид дүгнээд байгаа. Иймд энэ удаагийн парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг баталж чадах болов уу?
-Парламентад суудалтай улс төрийн хүчин болон улстөрчид зориг гаргаж чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг батлах боломж байгаа. Өнөөгийн парламентаар баталж чадахгүй гээд дараагийн үедээ шилжүүллээ гэхэд ямар бүрэлдэхүүн байхыг тааж мэдэхгүй байна. Монгол Улсад тогтолцооны гажуудал байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, олон толгойтой байна. Гүйцэтгэх засаглал нь эрх мэдэлгүй, хязгаарлагдмал. Үүнийг одоо өөрчлөхгүй гээд хаяж болохгүй.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент мөн л ийм тогтолцооны гажуудалтай нүүр тулгарна. Өөрөөр хэлбэл, дараагийн сонгуулиас өмнө тогтолцооны гажуудлаа засвал 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах парламент ингэж зовж суухгүй. Үүнийг аль аль талдаа зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Та улс төрийн хүчин болон улстөрчид зориг гаргах хэрэгтэй гэлээ. Гэхдээ эрх баригчдын зүгээс нэлээдгүй зориг шаардах байх гэж бодож байна. Учир нь парламентад суудалтай бусад улс төрийн хүчин хэлэлцэж буй асуудлыг барьцаалах хандлагатай болчихсон шүү дээ?
-Барьцаалах боломжгүй гэж бодож байна. Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээс асууна. Хэрэв ард түмэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзвэл УИХ хэлэлцэнэ. Өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн үзвэл хэлэлцэхгүй шүү дээ. Хэрэв УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн нам, эвслийн бүлгүүд уг асуудлыг барьцаалж, өөх ч биш, булчирхай ч биш болговол ард түмэн харж байгаа. Засаглалын хямралыг засахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.