Бидний завсарлага авсан маш тодорхой
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.11.11

Бидний завсарлага авсан маш тодорхой

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн билээ.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байхад  үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлгээр тав хоногийн завсарлага авна” гэдэг санал гаргасан юм.

Төсвийн тухай хуульд ирэх жилийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батална гэж заасан. Гэтэл МАН тав хоногийн засварлага авахаар хууль зөрчих юм. Тиймээс УИХ-ын дарга нэг цагийн завсарлага өгөх шийдвэр гаргасан. Гэсэн ч МАН-ын бүлгийн авсан нэг цагийн завсарлага аль хэдийн дууссан ч чуулганы хуралдаан эхлээгүй байна.

МАН-ынхан бүлгийн даргын өрөөндөө хуралдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд орох эсэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Завсарлага авсан шалтгаан маш тодорхой. Нэгдүгээрт, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг явах үед гишүүд, нам эвслийн бүлгүүд гаргасан саналаа тайлбарлаж үг хэлнэ гэж заасан. Харамсалтай нь УИХ-ын дарга гишүүдийн гаргасан саналаа тайлбарлаж, үг хэлэх боломжийг нь бүрдүүлж өгөхгүй байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний гаргасан санал дэмжигдэхгүй тохиолдолд цөөнх болдог. Цөөнх болсон гишүүд цөөнх болсон шалтгаанаа тайлбарлаж үг хэлэх ёстой байхад эдгээр гишүүдэд үг хэлэх боломж олгохгүй байна. Ийм байдлаар гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хаагаад байгаа учраас бид завсарлага авсан. Мөн урсгал зардал нэмэгдүүлэхэд МАН байр суурь нийлэхгүй байгаа. Ажлын хэсгээс маш олон зардал нэмэгдүүлэхээр оруулж ирэхэд бид “яагаад энэ зардал нэмэгдсэн бэ” гэдгийг асууж, саналаа тайлбарлах ёстой. Энэ боломж хангагдахгүй байгаа учраас бид завсарлага авсан” гэсэн юм.