Өршөөлөөр суллагдсан иргэдтэй уулзлаа
Төрийн өршөөл ивээлийг хүртэж, хорихоос суллагдсан иргэдээ Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнөөдөр нэг дор цуглуулан уулзаж, тэдэнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа ажлын байраар хангах, төрийн халамж үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах, шаардлагатай иргэдийг иргэний бичиг баримтжуулах зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, яриа таниулга хийлээ.
Энэхүү арга хэмжээг дүүргийн Цагдаагийн I, II, III хэлтэсүүд нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа юм байна. I хэлтэсээс зохион байгуулсан өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар, Цагдаагийн I хэлтэсийн дарга Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Ганаа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэсийн дарга А.Пүрэвсүрэн болон бусад хэлтэс албадын дарга нар оролцов.
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг нийслэлийн хамгийн том дүүрэг болон Сонгинохайрхан дүүргээс энэ удаагийн өршөөлд нийт 222 хүн хамрагдан, хорихоос суллагдаад байгаагийн 124 нь Цагдаагийн I хэлтэсийн харьяа 9 хороонд харьяалагддаг юм байна.