Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс танхайн хэрэгт холбогдоогүй
УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат
2015.11.09

Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс танхайн хэрэгт холбогдоогүй

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү нар Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс танхайн гэмт хэрэгт оролцсоны улмаас эргэн хоригдож байна” гэх утга бүхий мэдээллүүд гарсан. 

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат 

“Энэ бол худал мэдээлэл. Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүс гэмт хэрэгт орооцолдоогүй. Суллагдсан хүмүүсийн дийлэнхийг нь гэрт нь хүргэсэн. Орон гэргүй таван хүн байсныг “Зөв амьдрах ухаан” ТББ-т хүлээлгэж өгсөн. Мөн хоёр хүн Ховд, Говь-Алтай руу гэртээ харихаар замдаа явж байгаа” гэлээ.

Өршөөлөөр суллагдсан залуус Эрдэнэт хотод архидаж яваад замбараагүй байдал бий болгосон. Улмаар цагдаа нар очиход эсэргүүцэл илэрхийлж зодоон үүсгэсэн гэх мэдээллийн талаар ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү “Энэ мэдээллийг сонсоод Эрдэнэт рүү холбогдсон. Тэгэхэд тийм зүйл болоогүй гэх хариултыг өгсөн” гэлээ.

Тэрбээр мөн Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6-7 хувь нь дахин гэмт хэрэгт холбогддог. Ийм баримт практик дээр их бий. Харин манайхан энэ өчүүхэн хувийг нь өлгөж авч буруушаах биш цаад 96 хувийнх нь сайн, сайхан явааг сурвалжилж, сурталчилж байвал их сайн гэсэн юм. Өнөөдрийн байдлаар 2071 хүнийг суллаад байгаа аж.