Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журмыг хэлэлцэв
“Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг
2015.11.19

Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журмыг хэлэлцэв

Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын санаачилга, Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлгийг энэ сарын 17-нд Барилгын политехник коллеж дээр зохион байгууллаа. 

Аливаа улс орны эдийн засаг, хөгжлийн хөтөч нь ур чадвартай мэргэжилтэй ажилтан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тийм ч учраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын үйл явцдаа онцгой анхаарал тавьдаг бөгөөд чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд дэлхийн олон улс орон шилжиж, үр дүнг нь ч мэдрээд эхэлсэн.  Манай улс ч дэлхийн энэ жишгээс хоцроогүй. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбартаа чадамжид суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх шийдвэрийг 2010 онд  гаргаж байв.  Энэхүү тогтолцоо нь олон улсын жишигт нийцсэн, хувь хүний ур чадварыг хүлээн зөвшөөрсөн, суралцагч төвтэй, ажил олгогчийн шаардлагад тулгуурласан сургалтын хэлбэртэй, гүйцэтгэлийн үнэлгээгээр илэрхийлэгдсэн олон талын ач холбогдолтой. 

Манай улс чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжсэнээс хойш 30 мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталгаажуулан сургалтад ашиглаж байгаа юм. Хэдийгээр зарим мэргэжил чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй болсон ч сургалтын үнэлгээг хэрхэн хийх эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл байгаагүй. Тиймээс холбогдох мэргэжлийнхэн, багш судлаачид болон олон улсын байгууллагынхны дэмжлэгтэйгээр чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журмыг боловсруулж, хэд хэдэн газарт туршилтын журмаар хэрэглэж, судалсан байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр багш мэргэжилтнүүд чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журмыг боловсруулах шаардлага болон хэлэлцүүлэх дарааллын талаар санал солилцож, олон улсад чадамжид суурилсан сургалтын үнэлгээг хэрхэн хийдэг талаар сонсохын хамт Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журамд оруулахаар ирүүлсэн саналуудтай танилцсан юм.   

Шинээр боловсруулсан журамд хувь хүний ур чадварыг хэрхэн үнэлэх, гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах, үнэлгээний тэмдэглэх нэгжийг тодорхойлох, мөн давтан сургалтын үнэлгээний талаар зохицуулалтуудыг тусгажээ.