Гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн монголын анхны лаборатори болов
Гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн монголын анхны лаборатори болов
2015.11.26

Гурвалсан стандартаар итгэмжлэгдсэн монголын анхны лаборатори болов

Монгол улсын Геологийн Төв Лаборатори (ГТЛ) нь 11-р сарын 24-нд ISO/IEC 17043 “Тохирлын үнэлгээ - Ур чадварын сорилтонд тавих шаардлага” стандартын итгэмжлэлийн гэрчилгээг Стандартчилал, Хэмжилзүйн Газрын дарга ноён Н.Гантөмөрөөс гардан авлаа.

ГТЛ нь 2005 онд ISO/IEC 17025 “Сорилтын болон калибровкийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага” стандарт, 2012 онд ISO Guide 34 стандартын дагуу Монголд анх удаа олон улсын түвшинд итгэмжлэгдэж байсан. Өнөөдөр эдгээр гурвалсан стандартыг нэвтрүүлснээр лабораторийн чанарын хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд ийм гурвалсан итгэмжлэлийг дэлхий дахинд “ПЛАТИНУМ СТАНДАРТ” хэмээн нэрлэдэг байна. 

Монгол улсын эрдсийн шинжилгээний лабораториудын дунд ур чадварын сорилт (УЧС) зохион байгуулах ажлыг ГТЛ нь 2013-2015 онд ХБНГУ-ын санхүүжилтээр Германы Геошинжлэх ухаан байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран хэрэгжсэн “ГТЛ-д ур чадварын сорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд улмаар 2015 онд АНУ-ын Үндэсний Итгэмжлэлийн Байгууллага (ANAB)-аар анх итгэмжлэгдсэн билээ.

Тус байгууллагын захирал доктор Bill Hirt-ийн хэлснээр ГТЛ нь энэхүү гурвалсан стандартыг хэрэгжүүлснээр дэлхийн “элит”-үүдийн эгнээнд орж байгаа бөгөөд ANAB-аар итгэмжлэгдсэн 800 гаруй байгууллагаас гурвалсан стандарт нэвтрүүлсэн байгууллага зөвхөн тав байдаг байна. 

СХГ-ын дарга Г.Гантөмөр хэлэхдээ ур чадварын сорилтыг эрдсийн лабораториудын дунд зохион байгуулах нь тухайн лабораторийн чадавхийг харуулж байгаа бөгөөд энэ нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш цаашлаад Монгол Улсын уул уурхайн салбарт шинэ стандарт, хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал болж байна гэлээ.

ГТЛ нь 2014 онд хамгийн анхны ур чадварын сорилтыг нүүрсээр зохион байгуулсан бөгөөд цаашид зэс болон төмрийн хүдэр, бусад чулуулаг, баяжмал, байгаль орчны дээжээр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.