Шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломжтой
Шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломжтой
2015.11.06

Шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломжтой

 УИХ 2016 оны төсвийг хэлэлцэж буй энэ өдрүүдэд онцгой албан татварыг нэмэх санал олны анхаарлын төвд байна. Учир нь, УИХ ирэх оны төсвийг батлахдаа онцгой албан татварыг нэмэхээр болчихвол бүх хэрэглээний суурь зардал болсон шатахууны жижиглэнгийн үнэ дагаад өсч таарна.

Эдийн засаг тэртэй тэргүй хүндэрсэн энэ цаг үед УИХ ийм шийдвэр гаргачихвал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой агаар нэг хэрэг болно. Хэдийгээр төсвийн орлогын тасалдлыг нөхөх зорилгоор ийм санаачилга гаргаад байгаа ч онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч компаниудын улсад төлөх татварын хэмжээг нэмэх ч тэд эргээд нэмэгдлээ иргэдийн халааснаас буюу шатахууныхаа жижиглэнгийн үнээс олж авах нь баараггүй.

Ирэх оны төсөвт бензинийг тонн тутамд нь 200, дизель түлшийг 300 мянган төгрөгөөр нэмэх санаачилга гаргасан. Ингэснээр он дуустал 43.5, ирэх оны төсөвт 200 тэрбумыг төвлөрүүлэх боломжтой гэж үзээд буй. Хэрвээ Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг УИХ олонхоороо дэмжчихвэл шатахууны үнэ өсөх нь тодорхой болоод байна. Учир нь, онцгой албан татварыг нэмбэл шатахуун импортлогч компаниуд жижиглэнгийн үнийг нэмнэ гэдгээ мэдэгджээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед төсөв энэ онд нэг их наядаар тасрах нь тодорхой болсон. Одоогийн байдлаар татварын өр 500 гаруй тэрбумд хүрсэн. Тиймээс төсвийн энэ алдагдлыг хаанаас нөхөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Нөхөхийн тулд нэгдүгээрт, төсөвт тодотгол хийж тодорхой зарлагыг танана гэдэг санал гаргасан. Нөгөө талаар хэчнээн танасан ч цаана нь нэмж орлого олох шаардлага үүссэн.

Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар татвар нэмэх замаар орлого олох. Цаашлаад хуримтлагдаад байгаа татварын өрийг барагдуулахаас 300 тэрбум, шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар тодорхой мөнгө олъё гэж байна л даа. Үүн дээр МАН-ын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, онцгой албан татварыг нэмэхгүй байгаач, үүнийхээ оронд татварынхаа нэгж үнийг буулга.

Тэгвэл эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдгийг хэлж байгаа юм. Бид өнгөрсөн жилийн нефтийн үнийг тооцож байсныг бодвол нэг дахин буурсан. Өнөөдрийн байдлаар нэг баррель нефть 43 ам.доллартай тэнцэж байна. Ингэж үнэ буусан үеийг дагуулаад бид жижиглэнгийн үнээ буулгачихвал нийтэд хүртээлтэй ажил болно гэж үзэж байгаа. Тухайлбал, шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр бууруулах боломж бүрдээд байгаа юм.

Дэлхийн зах зээлийнхээ ханшийг дагуулаад үнээ буулгачихвал эдийн засгаас гадна иргэдийн амьжиргаанд бодитоор нөлөөлнө шүү дээ. Татвар нэмнэ гэдэг бол төсвийн алдагдлаа иргэдийн халааснаас авчихаж байгаатай л агаар нэг хэрэг. Шатахуун импортлогчид үнээ нэмнэ гэж байгаа бол Засгийн газар тэдэнтэй ойлголцох л асуудал байгаа.