Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлын сургалт болж байна
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.09.24

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлын сургалт болж байна

Цөмийн энергийн газар болон Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалын баялаг эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”  сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Уг сургалтанд манай улсын  Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги, Хил хамгаалах ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой зэрэг нийт 17 байгууллагын 21 цацрагийн аюулгүй байдлын мэргэжилтэн хамрагдаж байна.

2014 оны байдлаар дэлхийн 30 оронд 437 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа бөгөөд шинээр 7 цөмийн реактор Азид  баригдаж  байна. Хэдийгээр манай улсад цөмийн эрчим хүчний станц байхгүй ч хөрш ОХУ-д 33, БНХАУ-д 22 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Ийм ч учраас энэ төрлийн мэдлэг, туршлагийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зайлшгүй эзэмших шаардлагатай.

Энэхүү сургалтын зорилго нь Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулахад төрийн байгууллагуудын оролцоо, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, үүсэж болзошгүй аливаа ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих дадлага туршлагыг олгоход чиглэгдсэн юм.

Дашрамд дурдахад цөмийн аюулгүй байдлыг хангах асуудлаар ОУАЭА-ийн зүгээс гишүүн орнуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3000 гаруй мэргэжилтнийг цөмийн аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. Мөн 2016 онд Цөмийн аюулгүй байдлын асуудлаар өндөр түвшний олон улсын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.