Улаанбадрах сумын Загийн ойд ураны өрөмдлөг хийжээ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт хийж байгаа “Кожеговь” компанийг эсэргүүцэж “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”,”Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагууд мэдээлэл хийлээ.
Тэд АНУ-ын эрдэмтэн Пол Робинсонтой Дорноговь, Сүхбаатар аймагт ажиллаад иржээ. Энэ тухай “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин ““Арева” корпорацийн охин компани “Кожеговь” Улаанбадрах суман дахь Загийн ойд өрөмдлөг хийж ойг устгаж тус аймагт зөвшөөрөлгүйгээр зам тавьж байгаль орчин сүйтгэсэн.
Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумаас холгүй ураны өрөмдлөг хийж хоёр цооног гаргасан ч нөхөн сэргээлт хийгээгүй, сумын иргэдийн ундаалдаг ундны усны ганц эх үүсвэр болсон “Хавиргын булаг” ширгэж эхэлсэн байна” гэв.
Тиймээс Монгол Улсын хууль дүрмийг зөрчин, байгаль орчин, хүн, малыг хордуулж амьдрах нутаг, уух усгүй болгож байгаа “Кожеговь” компанийн үйл ажиллагааг зогстол тэмцэнэ гэдгийг төрийн бус байгууллагын төлөөллүүд хэллээ.
Ураныг уусган баяжуулах технологиор буюу газрын гүнд хүхрийн хүчил олборлож байгаа нь гүний усыг хордуулдаг бөгөөд энэ технологи нь усыг эргэж хэзээ ч цэвэршихгүйгээр бохирдуулдгийг олон орны эрдэмтэд нотолжээ.