Х.Бээжин: Монгол хүмүүст хууль үйлчлээд гадныханд үйлчлэхгүй байна
Дэлхийн Монгол-ногоон нэгдэлийн тэргүүн Х.Бээжин
2014.09.03

Х.Бээжин: Монгол хүмүүст хууль үйлчлээд гадныханд үйлчлэхгүй байна

Дэлхийн Монгол-ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинтэй ярилцлаа. 

-Иргэний нийгмийн байгууллагууд Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн гэсэн. Энэ удаа ямар ажил амжуулав? 

-“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн” холбооны төлөөлөл Сүхбаатар аймагт ажиллалаа. Бид Сүхбаатар аймагт очиж ураны хог хаягдлын талаар нутгийн иргэдэй уулзалт хийсэн. Үүнд Засаг дарга Ж.Батсуурийг оролцуулах гэсэн боловч арынхаа хаалгаар гараад зугтсан.

Аймгийн иргэд талбай тойроод холоос ажиглаж байгааг харахад хүмүүс удирдлагуудаасаа айдаг юм шиг санагдсан. Уг нь бид Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж ураны талаар санал бодлоо солилцох гэсэн боловч хүлээж аваагүй. 

-Саяхан Сүхбаатар аймагт алтны илэрц гарсан гэж байсан. Та нар тэр газарт очсон уу? 

-Тийм ээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд алтны илэрц гарсан юм билээ. Тэрийг очиж үзэхэд цагдаагийн хамгаалалтад авсан байсан. Гэрийн буурийн чинээ газрыг 20 см орчим ухсан байсан. Засаг дарга Ж.Батсуурь захирамж гаргаж тухайн газрыг ухахыг хориглосон байна лээ.

Бидний хардаж байгаа зүйл нь энэ жижиг газрыг ингэж хамгаалсан мөртлөө Сүхбаатар аймагт ураны үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудыг яагаад хамгаалаад байна вэ, гэдэгт байгаа юм. Ураны хайгуулаас болоод тэр нутаг ундны усгүй болох асуудал байна. Гэтэл Засаг дарга нь үүний эсрэг үг дуугардаггүй, хамгаалаад байдаг. Уулзах гэхээр зугтаад байдаг.

Монгол хүн газраа сүйтгэхээр хамгаалчихдаг юм байна.  Гэтэл гадны байгууллага газрыг нь ухаад байхад яагаад нутгаа хамгаалахгүй байгаа юм бэ, хамгаалах гээд очсон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг хөөж, доромжилж гүтгэж байна.

Тэгэхээр бид үүнийг авлигатай холбоотой гэж үзэж байгаа. Засаг дарга авлигал авсан байж болзошгүй. Тиймээс АТГ-т шалгуулна. Монгол хүмүүст хууль үйлчлээд гадны хүмүүст хууль үйлчилдэггүй. Төрийн албаны зөвлөл, ёс зүйн хороонд бас хандана. Ийм танхай балмад Засаг дарга төрд байх ёстой юу, үгүй юу. Энэ монгол төрийн нэр сүрийг гутааж буй энэ Засаг даргад арга хэмжээ аваач гэж хандах юм.

-Ж.Батсуурь Засаг даргыг АТГ-т шалгуулна гэлээ. Үндэслэл нь юу байх вэ? 

-Би сая хэлсэн. Гэрийн буурийн дайтай хэмжээтэй газрыг ухаж төнхсөн монголчуудыг болиулсан талаар.

Энэ нь сайн хэрэг. Гэтэл гэрийн буурийн дайтай биш бүх л Сүхбаатар аймгаар нь ухаж хордуулах гэж огт арга хэмжээ авахгүй байгааг гайхаж байна. Онго суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийн хугацаа өнгөрсөн долоодугаар сарын 22-нд дууссан. Гэтэл лиценз нь дуусчихсан гадны компани үйл ажиллагаа явуулаад байхад Засаг дарга Ж.Батсуурь тэрийг таслан зогсоохгүй байна. Тэгсэн мөртлөө монголчуудад хууль сайн үйлчилдэг юм байна. Энийг бид авлигатай холбоотой гэж үзэж байгаа. 

-Иргэний хөдөлгөөнийхнийг өрөөнд нь дайрч орсон талаар Засаг дарга Ж.Батсуурь хэвлэлд ярьсан. Тухайн үед яг юу болсон юм бол? 

-Тэр үед бид Сүхбаатар аймгийн Онгон, Асгат гээд сумдаар орж ажилласан. Ингээд Сүхбаатар аймгийн төвд очоод иргэдийн хурлын даргатай нь уулзсан. Сумдад ажиллахдаа ч мөн ялгаагүй сумын Засаг дарга, иргэдийн хурлын дарга нартай нь уулзсан. Энэ үед дарга нар ураны олборлолт байдаг,  хамтарч ажиллая, юу гэж нутаг орноо хордуулах вэ гэцгээсэн.

Ингээд аймгийн иргэдийн хурлын даргатай уулзаж бас үүнийгээ ярьсан. Тухайн үед иргэдийн хурлын дарга “Бидэнд ойлголт муу байдаг юм. Та бүхэнтэй хамтраад ажиллая.

Та нар манай Засаг даргатай уулзчих” гэсэн. Бид ч бас Засаг дарга Ж.Батсуурьтай уулзах бодолтой байсан. Ингээд 1 цаг 20 минут хүлээж байгаад уулзахаар орсон. Гэтэл биднийг өрөөнд нь камертай орж ирлээ гэж уурласан. Улмаар та нар дайрч орж ирлээ гэж гүжирдэж, доромжлон хөөж гаргасан. 

-Сүхбаатар аймгийн иргэдтэй ураны хог хаягдлын талаар уулзалт хийсэн гэсэн. Ер нь ураны хог хаягдлын талаарх мэдээлэл хэр байдаг вэ? 

-Бидэнтэй гадны байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Уран ямар хортойг нотлоод өгнө гэдэг. Ер нь бид уран олборлуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хэзээ ч Монгол Улсын газрын баялгийг гадны байгууллагууд хордуулах ёсгүй. 

-Сүхбаатар аймагт нийт хэчнээн лиценз байгаа вэ. Танай байгууллагуудаас тооцоо судалгаа гаргасан уу. “Арева” компани хэчнээн лиценз эзэмшдэг вэ? 

-Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос бусад бүх суманд лиценз бий. Нийт 58 лицензийн 25 нь “Арева”-гийнх. Бусад нь өөр компаниудынх байгаа. 

-Ярилцсанд баярлалаа.