“Байкальский диалог” III чуулга уулзалтад оролцов
“Байкальский диалог” III олон улсын чуулга уулзалт энэ сарын 22-24-ны өдрүүдэд Байгаль далайд болж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Эрдэнэ, Д.Арвин, С.Одонтуяа, Н.Энхболд нар оролцсон байна. Чуулга уулзалтын хүрээнд “Эклоги ба эдийн засаг: Харилцан хамаарлын орчин үеийн асуудлууд” сэдэвт дугуй ширээний уулзалт, “Байгаль далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаа” сэдэвт парламент хоорондын уулзалтууд болжээ.
ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба эклогийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчук оролцож, Байгаль далайн бүс нутгийн эклогийн бодлогын хэтийн төлөв, хог хаягдлын менежментийн салбарын хууль эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Харин Монголын талаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Монгол Улсын эклогийн нөхцөл байдал болон өөрийн Байнгын хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, илтгэл тавьсан байна.
Байгаль далайд болсон тус чуулга уулзалтад Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын оролцсон бөгөөд манай төлөөлөгчид В.В.Наговицынтой уулзаж Байгаль нуурын эклогийн тэнцвэрт байдлын асуудлаар санал солилцжээ.