“Яагаад Ж.Батсуурь гадныханд найр тавьдаг юм бэ”
“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол”, “Гал үндэстэн” холбооныхон Сүхбаатар аймагт ажиллаад иржээ. Тэд тус аймгийн иргэдэд ураны хор хохирлыг танин мэдүүлж, аймгийн удирдлагуудтай ураны лицензийн асуудлаар уулзах зорилготой байжээ.
Гэвч аймгийн Засаг дарга уулзахаас татгалзаж, гутаан доромжилсон тухай иргэний нийгмийн байгууллагынхан ярьж байна.
Сүхбаатар аймгийн Онгон суманд “Кожеговь” компани өнгөрсөн жилээс ураны хайгуул хийж эхэлжээ. Иргэний нийгмийнхний хэлж буйгаар Дорноговь аймагт болсон явдал Сүхбаатарт ч давтагдана гэж үзжээ. Тиймээс аймгийн удирдлагуудтай уулзаж тус компанийг нутгаасаа гаргах арга хэмжээ авахыг хүсэхээр очсон гэнэ.
‘Гэвч гэрийн буурийн чинээ газар ухсан нинжа нарыг хөөж, хамгаалалт гаргах нэрээр аймгийн төсвөөс гурван сая төгрөг гаргах захирамж гаргачихдаг хэрнээ илүү их хор хохиролтой ураны асуудалд анхаарахгүй байна.
Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь яагаад гадныханд найр тавьдаг юм бэ. Энэ асуудлыг АТГ болон Төрийн албаны зөвлөлд шалгуулна” хэмээн “Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэллээ.