Г.Баярсайхан: Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мартаж болохгүй
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2012.11.30

Г.Баярсайхан: Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мартаж болохгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ураны олборлолт болон цөмийн цахилгаан станцыг барих асуудал дээр ямар байр суурьтай байгааг сонирхож, цөөн асуултад хариулт авлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оныг “Аюулгүй орчинтой монгол хүн” гэсэн хөтөлбөртэй явж байгаа. Үүнийхээ дагуу цөмийн цахилгаан станц барих эсэх болон ашиглах  асуудлаар ямар нэгэн зүйл тусгаагүй. Тийм атал ерөнхий сайд Н.Алтанхуяг ураныг байгаль орчинд халгүй байдлаар ашиглана хэмээн мэдэгдсэн. Танай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хорооны зүгээс уран олборлох асуудлыг хэрхэн авч үзэж байна вэ?

Өнөөдөр монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой ямар ч байсан энэ шинэчлэлийн засгийн газрын үед атомын цахилгаан станц барихгүй гэчихсэн байгаа. Гэхдээ дараагийн дөрвөн жил дэх засгийн газар станц барих эрх нь нээлттэй гэсэн үг. Цөмийн эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний төхөөрөмж ашиглана гээд хуульчилсан байдаг юм. Тэгэхээр атомын цахилгаан станц барих эрх нь нээлттэй гэсэн үг. Үүнийг монгол улсын ерөнхийлөгч гярхай ажиглаад УИХ-д хуулийг эргэж харах, өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн үүрэг болгож байсан удаатай. Энэ бүгдээс үзэхэд атомын цахилгаан станц ч барих эрх нь нээлттэй, цөмийн цахилгаан станц, цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах эрх нь мөн нээлттэй байдлаар манай хууль эрх зүйн орчин зохицуулагджээ. Тэгэхээр бид одоо энэ бүгдийг заалгаж, ялгаж салгаж өгөх хэрэгтэй.

-Атомын цахилгаан станц хүн болоод байгаль орчин асар их хохирол авчирдаг гэдгийг хүн төрөлхтөн мэднэ?

Эрчим хүч гаргахын тулд атомын цахилгаан станц ашиглавал ирээдүйдээ заналхийлж байна гэсэн үг.

Японы Фукушима цахилгаан станцын сөрөг үр дагаврыг ард түмэн нь хэрхэн үүрч байгааг бид харж байгаа. Цөмийн цацраг идэвхи гэдэг өөрөө 250 мянган жилийн дараа задардаг.

Шар нунтгаас цааш боловсруулж болохгүй

Манай улс өөрөө газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаардаг учраас атомын цахилгаан станц ямар ч тохиолдолд барих асуудал байхгүй. Үүнийг хуулиндаа оруулж бөгжлөөд эрчим хүчийг цөмийн реактороос гаргаж болохгүй гэсэн заалтыг тодорхой оруулж өгөх ёстой. Цөмийн хог хаягдлыг булшилж болохгүй өнөөдрийн хуулиараа ч хориотой байгаа. Гэхдээ цөмийн хог хаягдлыг монголд булшлах асуудлаар төрийн өндөр албан тушаалтнууд гэрээнд гарын үсэг зурж байсан тохиолдол бий. Тэдэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бид зүгээр орхиж болохгүй. Энэ үйлдэл нь монгол улсын бүх хууль тогтоомжийг зөрчсөн үйл явдал болсон шүү дээ. Үүнийг бид дахин онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Ураныг байгаль орчинд халгүй байдлаар ашиглах боломж үнэхээр байгаа юу?

Зөвхөн шар нунтгаа сорж, гаргаж авах тал дээр байгаль орчинд халгүй технологи бий. Гэхдээ энэ асуудлыг маш нарийн тооцож, гүний усыг бохирдуулахгүйгээр халгүй байдлаар шийдвэл зохино. Шар нунтгаас цааш боловсруулж болохгүй.

Гүний ус биднийх биш. Хөндөх эрх байхгүй. Энэ сайхан байгаль эх, газар шороог өвөг дээдэс маань бидэнд өгсөн. Гэхдээ бид хойч үедээ хадгалах үүргийг хүлээх ёстой. Цаашдаа манай байнгын хорооны зүгээс гүний усыг улсын тусгай хамгаалалтад оруулах талаар хуулийн төсөл санаачлан ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.