Тьери Плайзэн: Монголд цөмийн түлш үйлдвэрлэхгүй учраас айх хэрэггүй
Дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2050 он гэхэд одоо хэрэглэж байгаа хэмжээнээсээ хоёр дахин өсөх болно гэдгийг онцолж байгаа. Тиймээс 2050 он гэхэд шаардагдах эрчим хүчийг хангахын тулд нүүрс, шатахуунаас гадна сэргээгдэх эрчим хүч хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл ч голлох байр суурийг эзлэх аж. Хэдийгээр Фукушима дахь үйл явдлын дараагаар зарим улс орон ураны үйлдвэрлэлээс зайлсхийсэн ч эрэлт хэрэгцээ өссөн хэвээр байгаа юм. Фукушимагийн ослын дараа Герман улс бүрэн татгалзсан бол Япон улс ч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ зогсооно гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу тус улс ирэх 20 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт 38 их наяд иен зарцуулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигтай технологийн салбарт 84 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Тиймээс 2030 оны сүүлээр Япон цөмийн эрчим хүчний салбараас бүрмөсөн ангижирах юм байна. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж, хоногт 1000 МВт-ын хүчин чадалтай салхин паркийг Хоккайдод байгуулахаар болсон байна. Хэдий зарим улс орон ураны үйлдвэрлэлээс татгалзаж байгаа ч дэлхийн цөмийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд шинэ уурхайнууд дээр ажиллах шаардлагатай байгаа юм. Дэлхийн ураны хэрэгцээ энэ онд 62 мянган тонн байгаа бол 2030 онд 100 мянган тонн болох хандлагатай байгаа.
Ураны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад шинэ уурхайнууд чухал. Тиймээс ч дэлхийн ураны салбарт тэргүүлэгч Арева группын Монгол дахь салбар “Арева Монгол” компани манайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны шинэ орд илрүүлээд байгаа аж. Тиймээс олборлох асуудлын талаар Монголын Засгийн газартай ярилцаж байгаа юм. Харин манай улсын Байгаль орчны иргэний зөвлөл болон Ногоон намын зарим төлөөлөгчид тус компанийг цөмийн хаягдал булшлах гэж байна хэмээн хардаж байсан. Мөн ард түмэн уран олборлох нь байгаль, хүн амд хортой гэж үздэг. Харин тус компани нь ураныг байгальд хоргүй технологиор олборлож, аюулгүй буюу шар нунтаг хэлбэрээр гаргах юм байна.
Тиймээс уран нь хор хөнөөлтэй эсэх, ямар байдлаар олборлох, ингэснээр манай улсад ямар ашигтай талаар “Арева Монгол” компанийн гүйцэтгэх захирал Тьери Плайзэнтэй ярилцлаа.
-Танай компани Монголд хайгуулын үйл ажиллагаа явуулж, ураны орд илрүүлсэн гэсэн. Одоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Арева групп нь цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Ураныг боловсруулж цөмийн хөдөлгүүрт хэрэглэх, цөмийн хөдөлгүүр угсрах, засвар үйлчилгээг хариуцаж, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулдаг. Дэлхийд нийтдээ 430 цөмийн хөдөлгүүр байдгаас 100-г нь манай компани угсарсан. Мөн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Манай компани өнгөрсөн онд 8790 тонн уран олборлосон. Одоогоор Канад, Нигер, Казакстан улсын дөрвөн уурхайд олборлолт хийж, Аргентин, Австрали, Монголд хайгуул явуулж байна. Бид Монголд 1996 оноос хойш уран хайгуулын үйл ажиллагаа явуулж Кожеговь компанийг байгуулан 15 жил ажиллаж байна. Энэ хооронд нийтдээ 26 лиценз эзэмшдэгээс Сайншандын бүсэд 12, Дарьгангад 16 нь байгаа. Сайншандын бүс дэх хайгуулаас нааштай үр дүн гарч Дулаан Уул, Зөөвч Овоо ордыг илрүүлсэн. Дулаан Уул ордыг 6250 тонн нөөцтэй гэдгийг Монголын эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоож баталгаажуулсан. Харин Зөөвч Овоо ордын нөөцийг хараахан тогтоогоогүй ч энэ оны сүүл гэхэд баталгаажуулах байх аа.-Орд илрүүлснээр ямар үйл ажиллагаа явуулж байна. Хэзээнээс олборлох вэ?
-Одоо судалгаа, шинжилгээнийхээ ажлыг нарийвчлан хийж байна. Дулаан Уул ордын нөөцийг баталгаажуулахын тулд технологийн туршилт хийсэн. Ингэснээр энэ орд нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг баталлаа. Тиймээс уурхайг ашиглах зөвшөөрөл хүсч Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээр хийнэ. Засгийн газар хэлэлцээртэй танилцаж байгаа. Саяхан баталсан Засгийн газрын хөтөлбөрт цөмийн энергийн салбарыг, ураны шар нунтаг хэлбэрийг дэмжинэ гэсэн байсан. Энэ нь манай компанийн үйл ажиллагаатай нийцэж байгаа учраас хэлэлцээр амжилттай болно гэж итгэж байна. Манай компани илрүүлсэн ордууддаа найдлага тавьж байгаа учраас цаашид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа. Одоогийн байдлаар 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Түүнчлэн зарим гадаадын компаниудтай адил ордын лицензээ зарж, дамжуулдаггүй. Бид өөрсдөө ордоо олборлодог. Манайх 15 жил Монголд ажилласан Монгол компани гэсэн үг. Мөн уран олборлох ажилд Японы Мицүбиши корпорацитай хамтран ажиллахаар болсон. Үүнийг ч Монголын Засгийн газраас судалж байгаа.-Дулаан Уулын ордыг хэдий хугацаанд ашиглах вэ. Мицүбиши корпорацитай хамтрах саналыг хаанаас гаргасан бэ?
-Дулаан Уул, Зөөвч Овоо хоёр ордыг хамтад нь олборлох учраас Зөөвч Овоон нөөц батлагдаагүй үед хэдий хугацаанд ашиглахыг хэлэхэд хэцүү байна. Ер нь манай компани Монголд 30 жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Учир нь бусад оронд энэ хэмжээний хугацаанд ажиллаж байсан. Гэхдээ нөөцөөсөө шалтгаалаад хэдий ч хугацаанд ажиллаж болно. Мицүбиши корпорацийн хувьд Монголын талаас Японы оролцоог дэмжиж байгаа. Франц, Япон, Монгол Улс Цөмийн энергийн салбарт хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн манай компани ч тус корпорацитай олон талаар хамтарч ажилладаг.-Монголд уран хэр элбэг байдаг вэ. Танай лицензтэй бүсэд дахин орд илрэх боломжтой юу. Ямар аргаар олборлох вэ?
-Уран нь алт, зэстэй харьцуулахад байгаль дээр дангаараа оршдоггүй металл. Тиймээс бага хэмжээгээр байгальд хаа сайгүй оршдог. Боржин, галт уулын чулуулаг, хүчилтөрөгчөөр баялаг усанд усанд тунамал хэлбэрээр байдаг. Монгол улсад 1990 оныг хүртэл галт уулын гаралтай ордод ОХУ олборлолт явуулж байхдаа 50 сая тонн урантай гэж тогтоосон. Одоогоор манай эзэмшиж буй лицензүүдэд хоёр орд илэрч, бусдад нь үргэлжлүүлэн хайгуулын ажил хийж байна. Үүнээс орд илрэхийг үгүйсгэхгүй. Зөөвч Овоо ордын нөөцийг эцэслэн тогтоогоогүй ч Дулаан Уул ордоос 2, 3 дахин том гэсэн урьдчилсан тооцоо бий. Эдгээр ордын ураны эрдэсжилт нь 120-180 метрийн гүнд байгаа. Өөрөөр хэлбэл, ураны бөөгнөрөл дунджаар 150 метрийн гүнд буюу унданд тохирохгүй усанд байдаг. Түүнчлэн ураны эрдэсжилт нь дээр доороо ус нэвчихгүй зузаан шаварлагтай байдаг учраас өрөмдлөг хийж, газар доор уусган олборлох аргыг хэрэглэж олборлоно. Энэ арга нь эдийн засгийн хувьд ч ашигтай, байгаль орчинд ч хор нөлөөгүй юм.-Олборлох үе шатыг тодруулахгүй юу. Туршилтын олборлолт явуулсан гэсэн. Хэдий хэмжээг олборлож, хаана хадгалж байгаа вэ?
-Газар доор уусган олборлох аргыг хэрэглэвэл овоолго шороо гарахгүй. Олборлолт явуулахдаа өрөмдлөг хийж 150-иад метрийн гүнд байгаа урантай ус руу хүхрийн хүчил шахдаг. Тэгээд эргээд хүхрийн хүчилтэй усыг гаргаж аваад ураныг нь давирхайд наалдуулж авна. Уранаа наалдуулж авсаны дараа усаа цэвэршүүлээд буцаагаад шахдаг. Тиймээс байгаль орчинд аюул хор учруулахгүйгээс гадна бусад төрлийн уурхайгаас нэмэлт ус ч хэрэглэхгүй юм. Ундны ус газрын гадаргаас 20 метрийн зайд байдаг. Харин урантай ус ундны уснаас маш гүнд байж, дээр доороо ус нэвчихгүй шаварлагтай байдаг болохоор хөрсний бохирдол болох ямар ч үндэсгүй. Туршилтын зургаан сарын туршид 2500 кг уран олборлосон. Үүнийг давирхайд наалдуулан хадгалдаг. Цөмийн энергийн газраас байнга шалгаж, хяналт тавьдаг.-Уран нь цацраг идэвхит бодис учраас хүмүүс их болгоомжилдог. Тиймээс ч Монголд уран олборлоно гэхээр эсэргүүцэж, хор хөнөөлтэй эсэхийг нь сонирхож байгаа байх. Уран олборлоход ямар сөрөг үр дагаврууд гарах вэ?
-Уран аюултай гэдэг нь өрөөсгөл ойлголт. Учир нь олборлоход ямар ч аюул байхгүй. Ураныг олборлож, шар нунтаг болгосон хойноо боловсруулж, үйлдвэрлэлд оруулснаар цөмийн түлш болдог. Энэ тохиолдолд л хортой болно. Монголд ураныг олборлоод эцсийн байдлаар шар нунтаг л болгох учраас хор хөнөөлийн талаар санаа зовох хэрэггүй. Өөрөөр хэлбэл, Монголд цөмийн түлш үйлдвэрлэхгүй учраас айх хэрэггүй гэсэн үг. Энэ талаар зөв ойлголтгүй учраас иргэд уран ашиглах талаар эсэргүүцэж байгаа байх. Цацраг идэвхи бол байгальд, бидний эргэн тойронд түгээмэл байдаг. Тэгэхээр бид байнга цацрагийн нөлөөнд өртөж байдаг гэсэн үг. Цацраг идэвхийн 70 хувь нь байгалийнх, 30 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тэгэхээр уран олборлолтоос гарч буй цацраг идэвхи хүн ам, байгаль орчинд шууд нөлөөлөхгүй. Энэ их мэдрэмтгий салбар учраас дотоод хяналт өндөр байж, шалгалтуудыг үргэлж хийж байдаг. Тиймээс ч ураны олборлолтоос татгалзсан улс орон байдаггүй.-Байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон намын зарим төлөөлөгчид танай компанийг цөмийн хаягдал булшлах гэж байна гэж хардаж байсан. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ. Үүнтэй холбоотойгоор саад бэрхшээл гарч байна уу?
-Манай компани цөмийн үйлдвэрлэлтэй ямар ч холбоогүй, монголд цөмийн түлш үйлдвэрлэхгүй учраас энэ бидэнд хамаагүй. Ингэж хардсанд бид эмзэглээгүй. Олборлолт явуулах эрх аваад үйл ажиллагаагаа эхэлбэл хамгийн эцсийн байдлаар шар нунтаг хэлбэртэй болгоно. Түүнийг түнш орнууд руугаа экспортолно. Харин манай шар нунтагийг авсан улс орнууд өөрсдөө цөмийн түлшээ үйлдвэрлэх юм. Тиймээс уран олборлох бол ямар ч аюул дагуулахгүй.-Мардайн уурхайн орчимд уурхайн хаягдал шороог ил задгай орхисон нь өнөөг хүртэл хорт цацраг ялгаруулж, хүн амьтанд аюултай болсон талаарх мэдээлэл байгаа. Ингэж хорт цацраг ялгарч, аюул учруулах боломжтой юу?
-Мардайн уурхайн талаар сайн мэдэхгүй байна. Ямартаа ч жилд нэг хүний авдаг цацраг идэвхийн нөлөөг Цацрагийн хамгаалалтын Олон Улсын комиссоос гаргахдаа жирийн хүн ам 1 мЗв, мэргэжлийн ажилчид 20 мЗв-ээс хэтэрч болохгүй гэж тогтоосон байдаг. мЗв гэдэг нь цацраг идэвхийн нөлөөллийг хэмжих хэмжүүр юм. Цацраг идэвхийн нөлөө 100 мЗв-ээс доош байвал хүний эрүүл мэндэд нөлөөгүй. Үүнээс хэтэрвэл аюултай болно гэсэн үг. Харин 4000 мЗв-д хүрвэл хүний амь насанд аюултай.-Танай ажилчдад нөлөөлж буй цацраг идэвхийн хэмжээ хэд байгаа вэ?
-0.56 мЗв байдаг.-Олборлолт явуулснаар манай улсад ямар ашигтай вэ. Хэдийгээр хайгуул, олборлолтын бүх зардлыг танай компаниас гаргасан ч Монголын Засгийн газар 51 хувийг эзэмшинэ гэвэл хүлээж авах уу?
-Бид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүх татварыг төлж байгаа. Монголын өрөмдлөгийн гурван компанитай хамтран ажиллаж, дээж хадгалдаг хайрцагийг нутгийн иргэдээр хийлгэдэг. Үүний хүрээнд анхны эргэлтийн хөрөнгийг өгч хайрцаг хийлгүүлсэн. Түүнчлэн энэ орд нь эдийн засгийн хувьд ашигтай тул тэр хэмжээгээрээ Монгол Улсад ашигтай. Тиймээс Засгийн газар өөрөө хувиа тодорхойлно. Хуульд юу гэж заасан байна. Бид түүнийг мөрдөх болно. Тэгээд ч одоо хэлэлцээрийн түвшинд явж байгаа болохоор энэ талаар хэлэх боломжгүй байна.-Ажиллах хүчний хувьд ямар байгаа вэ. Олборлолт явуулж эхлэхээр мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй болох байх?
-Манай компани 200 гаруй ажилтантай. Үүний 90 гаруй хувь нь Монгол ажилчид, 30 хувь нь орон нутгийн ажилчид байгаа. Цаашид олборлолт явуулаад эхлэхээр ажилчдын тоог нэмэгдүүлнэ. Ингэхдээ ч энэ харьцааг хэвээр хадгалж аль болох Монгол ажилчдыг ажиллуулах болно. Тиймээс олборлолт явуулах хүртлээ мэргэжлийн сургуулиудтай хамтран ажиллахаас гадна боловсон хүчээ гадаад руу сургалтад явуулж байгаа. Удахгүй хөдөлмөр хамгааллын ажилчдаа Канад, Казакстанд сургах гэж байна.М.Ариунсувд
Эх сурвалж
Монголын мэдээ