Уран гэж юу вэ?
Уран гэхээр Монголчууд бид цацрагт идэвхит, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх аюултай, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголт давамгайлдаг. Гэтэл үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл юм.
Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Байгаль дээрх уран гурван изотопоос бүрдэх бөгөөд 99.27 хувийг U-238 изотоп, 0.72 хувийг U-235, 0.0058 хувийг U-234 изотоп тус тус эзэлдэг. Изотоп гэдэг нь атом жингээрээ ялгаатай (цөм дэх нейтроны тоо нь өөр) боловч тухайн элементийг тодорхойлогч протоны тоо нь ижил химийн элементийн төрлүүдийг хэлдэг. Сүүлийн 50 гаруй жил асар хурдацтай хөгжиж буй цөмийн физикийн салбар 20 орчим ураны изотопыг лабораторийн түвшинд гаргаж авсан боловч зөвхөн дээрх гурван изотоп л байгаль дээр оршиж байдгийг тогтоосон юм.
Уран бол цацраг идэвхит элемент. Цацраг идэвхит элемент гэдэг нь байгаль дээр тогтвортой изотоп байдаггүй, өөрөөсөө ионжуулагч бөөмс болон цахилгаан соронзон цацраг ялгаруулан задарч атом жингээ алдан нэг элементээс нөгөө элементэд шилжих замаар тогтвортой элемент болтлоо задардаг элементийг хэлдэг. Лабораторийн түвшинд гаргаж аваад байгаа болон байгаль дээр орших нийт 120 шахам химийн элементүүдийн 40 орчим нь цацраг идэвхит элемент юм. Тухайн элементийн цацраг идэвх нь нэгж хугацаанд задарч буй цөмийн тоогоор илэрхийлэгддэг.
Аливаа элементийн атомын бүтцийг хамгийн энгийнээр тайлбарлавал нэмэх цэнэгтэй протон болон цэнэггүй нейтроноос бүрэлдэх цөм, түүнийг бүрхэн орших сөрөг цэнэгтэй электрон бүрхүүлээс тогтдог. Өнөөдрийн байдлаар арав гаруй төрлийн ионжуулагч бөөмсийн цацраг тогтоогоод байгаагаас голлох хоёр төрлийн цацраг нь хоёр нейтрон болон хоёр протоноос тогтох нэмэх цэнэг бүхий альфа (б), электроноос тогтох сөрөг эсвэл нэмэх цэнэгтэй бетта (в-/в+) цацраг юм. Дээрх альфа, бетта бөөмсийн цацрагийг дагалдан саармаг цэнэгтэй цахилгаан соронзон долгион буюу гамма (г) цацраг бий болдог. Дээрх альфа, бетта, гамма цацрагууд нь байгаль дээр их бага хэмжээгээр байнга байдаг.
Альфа цацраг нь дээрх гурван цацрагаас хамгийн хүнд, хуудас цаасанд ч хаагддаг, агаарт хэдхэн сантиметр тархах чадвартай ба хүний арьсыг нэвтэлж чаддагүй тул хүнд хор хөнөөл учруулах нь бага байдаг. Хэрэв альфа бөөм амьсгалын болон хоол боловсруулах зам, ил шархаар дамжин хүний биед орвол орчин тойрныхоо эсүүдийг гэмтээнэ. Дан электроноос бүрдэх бетта цац¬раг нь альфа цацрагийг бодвол хүний арьсны гүн давхаргад нэвтрэх ба нимгэн металл ялтас, шил, болон энгийн хувцсыг нэвтэлж чаддаггүй. Удаан хугацаагаар ойр ажиллах тохиолдолд хүний нүдний салст болон арьсанд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Гамма цацраг нь бусад цахилгаан соронзон долгионуудаас (рентген цацраг, хэт ягаан туяа гэх мэт) харьцангуй богино долгионы урттай, давтамж маш өндөр, аливаа материалыг маш сайн нэвтэлдэг, их энергитэй ионжууулагч цацраг тул хүний биед хортой. Зөвхөн их хэмжээний ус, зузаан бетон болон хар тугалган хана л гамма цацрагийг сааруулдаг байна.
Альфа, бетта, гамма цацрагийг эрүүл мэндийн салбарт бүх төрлийн хавдрын эмчилгээ, оношлогоонд; гамма цацрагийн эд эсэд сайн нэвчих чанарыг ашиглан рентген туяаны тусламжтайгаар компьютер томографын шинжилгээ, тэдгээртэй төстэй ионжуулагч цацрагуудын нэг болох рентген (x-ray) туяаг рентген зураг авах зэрэгт өргөн хэрэглэдэг. Альфа, бетта, гамма цацрагууд нь ураны хайгуул, олборлолт, цөмийн эрдэм шинжилгээ эрхэлж буй газрууд, боловсруулах үйлдвэрлэл, Атомын цахилгаан станцад илүүтэй тархсан байдаг ба Олон улсын атомын энергийн агентлаг(ОУАЭА)-аас гаргасан дэлхий даяар мөрдөгдөж буй цацрагийн хяналт, хамгаалалтын стандартуудын дагуу шарлагын тун хэмжигч болон бусад багаж төхөөрөмжүүд ашиглан тогтмол хэмжилт хийж, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн тусламжтайгаар дээрх цацрагуудаас олон нийт, цацрагтай орчинд ажиллагсдыг хамгаалдаг байна.
ДЭЛХИЙ ДЭЭРХ УРАНЫ ХЭРЭГЛЭЭ
Одоогийн байдлаар дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авдаг гэсэн судалгаа бий. Эрчим хүчний салбарыг зөвхөн нүүрсэнд тулгуурдаж хөгжүүлнэ гэдэг байгаль орчин, экологи талаасаа маш асуудалтай. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг паунд уран 40-50 долларын хооронд хэлбэлзэж байна. Одоогоос гурван жилийн өмнө 136-138 ам.долларт хүрч байсныг ураны оргил амжилтын үе гэж хэлж болно.
Сүүлийн үед монголчууд төдийгүй дэлхий нийт алт, зэс, нүүрс гэхээсээ илүү ураны тухай ам булаалдан ярьдаг болж. Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашиглаж байна. Эдгээр орнууд цөмийн эрчим хүчийг ашиглахад шаардлага хангахуйц хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн байхыг шаарддаг. Гэтэл тэдний хүсч байгаа шиг хөгжилд манай улс хэзээ хүрэх нь тодорхойгүй. Бид өөрийн ураны нөөц баялагаа ашиглах талаар ярьж, бичих хооронд эрх мэдэлтнүүд маань биднээс урьтаж мөнгө босгохдоо анхаарлаа хандуулж эхэлсэн байна.
Ураны үнэ хэдхэн жилийн дараа одоогийн ханшнаасаа 4-5 дахин өснө гэж эрдэмтэд салбарын мэргэжлтнүүд тооцоолж байгаа юм билээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр манай улсын ураны нөөц дэлхий дээрх ураны нийт нөөцийн 1,8 хувь буюу дэлхийн ураны нэг жилийн хэрэглээтэй тэнцүү ажээ.
Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олон зуугаараа шинээр баригдаж байна. Тэднийг АНУ 103 цөмийн цахилгаан станцтайгаараа тэргүүлж байгаа бол Франц улс 58 байгаараагаа удаалж байна. Франц улс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний 88 хувийн цөмийн эрчим хүчийг эзлэн оршиж байгаа ажээ. Мэдээж хөгжиж буй улс орнууд цөмийн цахилгаан станцийг шинээр барьж байгуулж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн хөгжингүй орнууд өөрсдийн цөмийн цахилгаан станцийн хүчин чадлыг нэмэгдүүлж буй талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Үүний нэг жишээ нь манай улсын “хойт хөрш” болох ОХУ 2020 он гэхэд цөмийн цахилгаан эрчим хүчний хүчин чадлаа хоёр дахин, БНХАУ тав дахин, Энэтхэг улс 8 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа сурагтай.
Аливаа улс гүрэн цөмийн эрчим хүч ашиглах сонирхолд автахын хэрээр ураны нөөц дэлхий нийтийн анхаарлыг өөртөө улам татах болно. Дэлхийн зах зээл дээр уран сүүлийн хэдэн жил тав дахин өссөн гэсэн судалгаа байдаг. 2004 оны дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг үндэслэн Олон улсын атомын энергийн агентлагийн тооцоолсноор дэлхий нийтэд тогтоогдоод байгаа ураны нөөц нэлээд их буюу дэлхийн эрчим хүчний хэрэгцээг 85 жил хангах нөөц байгааг тогтоожээ. Дэлхийн ураны нөөцийн 76 хувь нь Австрали (24 хувь), Казахстан (17 хувь), Канад (9 хувь), АНУ (7 хувь), Өмнөт Африк (7 хувь), Намиби (6 хувь), Бразил (6 хувь) зэрэг зургаан оронд байна.
Ураны үнэ 2020 он хүртэл өснө үү гэхээс буурахгүй. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд технологийн шинэчлэлээ бүрэн хийж дуусах юм.
УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ МОНГОЛД
Уурын яндангаас гарах нvvрсний утаа Улаанбаатарыг угаараар утаж, “Уушигны эмнэлэг” хамгийн эрэлттэй бизнес болох цаг айсуй. Хордохоос өөр сонголт бидэнд уг нь бий. Барууны орнуудын туршлагаар Цөмийн цахилгаан станц байгуулбал агаарын бохирдолд цэг тавьж, хоёр хөршдөө эрчим хvч экспортлох боломж нээгдэх юм. Энэ бол манай улсын Мянганы хөгжлийн зорилтын нэгээхэн хэсэг. Оросуудад 2002 он хүртэл Монголын ураны хайгуул, олборлолтын материал нууцлагдан хадгалагдсан учир бидэнд өдий хүртэл цөмийн энергийг хэнтэй хамтарч, хэрхэн ашиглахад толгой өвтгөж байсангүй. Уншигч таны мартах шахсан нэгэн үйл явдлыг эргэн сануулъя.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө Олон улсын цөмийн энергийн агентлагийн дарга Эл Барадей хэмээх египэт эр манайд айлчилж байсныг дурсах гэсэн юм. Химийн нэршлээрээ У-308 хэмээн томъёологддог, энэ зууны эрчим хүчний эх булаг ураны салбарын бодлогыг тодорхойлогч тэр эрхмийн айлчлал Монгол Улс дэлхийд эрэмбэ дарааллаараа хэдэд явааг тодорхойлсон. Дэлхийн ураны салбарт анхны алхмаа хийхээр тэмүүлж буй Монголчуудтай танилцсан түүний тухай хэвлэл мэдээллийнхэн ч бараг анзаараагүй өнгөрсөн. “Монголчууд цөмийн эрчим хүчний станцтай болохоор зэхэж, бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ нь гурван сая орчим хүн амтай тэдний хувьд ядуурлаас ангижрах гарцын нэг юм” хэмээн “Ройтерс” дамжуулсан. Англичууд ийн мэдээлэхээс өмнө Засгийн газар Үндэсний хөгжлийн төлөвлөгөөнийхөө да¬гуу эл станцыг 2015 он гэхэд барихаар зэхэж буйгаа зарласан. “Зүрх” нь хариугүй зогсох дөхсөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийг цөмийн эрчим хүчний ганц станц орлох чадалтай. “Бид энэ ажлаа маш эртлэн дуусгах учиртай, Бид яарч байна” гэж Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Ройтерс” агентлагт ярьж байсан. Гэхдээ өнөөх станцын гол түлш зөөлөн шар бялуугаа уул уурхайн ямар гиганттай хуваах тухай сэдэв нээлттэй хэвээр. Иймээс ноён Эл Барадейн айлчлал ашигт малтмалын хайгуулын “акул”-уудад Монголын ураны салбарыг дэлхийд таниулах гол боломж байсан юм. Тэрбээр Франц, Канад, Америк, Австрали, Орос, Хятад, Япон гэх мэт улсуудтай хамтран ажиллах хүсэлтэй түншүүдээс сонголтоо хийх цаг бидэнд ойртсоныг бидэнд хэлж байжээ.
Монгол улсад өнөөдрийн байдлаар Дорнод аймагт ураны 3 орд газар тогтоогдсон бөгөөд нийт нөөцийг хэмжээг 49 мянган тонн гэж үздэг. Гурванбулаг, Дорнодын ордын хэмжээнд Ка-надын Вестерн проспектор, Хан ресорсиз компаниуд хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж нөөцийг дахин тооцоо хийсэн боловч эдгээр тайланг албан есоор эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж нөөцийг бүртгээгүй байгаа юм. Өнөөгийн байдлаар улсын нөөцийн мэдээллийн санд 49 мянган тонн нөөц л зөвхөн тогтоогдсон байгаа. Эдгээрээс гадна Дундговь аймаг Хараат, Хайрханы талбайд Гурвансайхан ХХК, Дорногвьд Улаан нуурын талбайд Кожеговь /АРИВА/, Ийст Азиа минералз компаниуд хайгуулын ажил идэвхитэй хийж байна.
Дэлхийд эхний 2 тооцогддог Канадын Камеко компани Дундговийн Хулд суманд болон Дорнод аймгийн матад суманд хайгуулын ажил хийж байгаа. Эдгээрээс гадна нилээд олон тооны жижиг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа юм.м Эдгээр хайгуулын ажлуудын үр дүнд ураны нөөцийн хэмжээ ихсэх нь дамжиггүй бизээ. Монгол улсад тогтоогдсон ураны цөөн тооны орд илрэлүүд байдаг боловч тэдгээрийн ихэнхийн нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тооцоогүй байдаг. 1994 оноос АНУ-ОХУ-Монгол улсын хамтарсан Гурвансайхан ХК Монгол орны хэмжээнд нэлээд хэмжээний талбайг Засгийн газар хоорондын гэрээт талбай гэдгээр эзэмшиж, хайгуулын ажлыг явуулж ирсэн бөгөөд үндсэндээ эдгээр талбайгаас Дундговь аймгийн нутаг дахь Хараат, Хайрханы ураны ордод үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажилласан.
Хараат Хайрханы ордууд нь элсэн чулуунд агуулагдсан инфильтрацийн гаралтай тунамал ордууд юм. Ер нь Манай орны хэмжээнд ураны нэлээд хэдэн төрлийн хүдэржилт тогтоогдсон байдгаас үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий хуримтлал үүсэх боломжтой төрлүүд нь зургаахан байдаг. Эдгээрээс хамгийн өндөр ач холбогдолтой төрөл нь тунамал гаралтай элсэн чулуун дахь ураны хүдэржилт юм. Өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Монгол улсын эрдэс баялгийн зөвлөлөөр Хараат, Хайрханы ордуудын ураны нөөцийг хэлэлцэн нөөцийг улсын нөөцийн санд бүртгэхээр тогтсон байна. Энд Хараатын ураны ислийн нөөц 7,2 мянган тонн, Хайрханы ураны ислийн нөөц 8,3 мянган тонн гэж тооцоолжээ. Гэхдээ ордыг олборлох явцад Хайрханы ордын нөөцийн хэмжээ 13 мянган тонн хүрч өсөх боломжтой бөгөөд газар доор шүлтгүйжүүлэх аргаар олборлох юм.