Ц.Элбэгдорж: Ураны салбарт хамтран ажиллах сонирхлыг бид дэмжих болно
2009.09.15

Ц.Элбэгдорж: Ураны салбарт хамтран ажиллах сонирхлыг бид дэмжих болно

БНЭУ-д Төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр  БНЭУ-ын Гадаад хэргийн сайд ноён С.М.Кришна бараалхажээ.


Энэтхэг Улсын анхны Ерөнхий Сайд Жавхарлал Неру НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэмжиж жинтэй үг хэлж байсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд хэллээ. Энэхүү түүхэн дээр уламжилсан хоёр орны харилцаа өнөөдөр амжилттай хөгжиж байгаа бөгөөд, үүнд ГХЯ-д чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг тэрээр онцоллоо. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хамгийн сүүлд 1976 онд айлчилсан. Иймд ноён С.М.Кришнаг монголд айлчлахыг Ерөнхийлөгч урилаа.

Тэрээр цааш нь “Монгол улс Энэтхэг улстай харилцаагаа улам бүр өргөтгөж, иж бүрэн түншлэлд хүргэх сонирхолтой байгаа. Иймд Монгол Улсын энэхүү байр суурь, саналыг дэмжиж хамтран ажиллана гэж итгэж байна. Манай улс мэдээллийн програм хангамжийн үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэгээс техникийн тусламж авахыг хүсч байгаа. Өнөөдөр дэлхийд Мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа Энэтхэг Улстай бид ч мөн энэ чиглэлээр харилцаагаа өргөтгөж, хамтын ажиллагааны гол “мод”-оо болгох учиртай юм. Энэтхэгийн тал ураны салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг талархан хүлээж авч байна. Энэ салбарын сонирхлыг бид ямагт дэмжиж байх болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын Монгол улсад хийх айлчлалаар ялангуяа цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж болох юм. Түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдын хэлхээ холбоо манай түншлэлийн нэг бүрэлдэхүүн болон төлөвшиж байгаа. Манай офицер мэргэжилтнүүдийг сургах, хоёр болон олон талын хээрийн хамтарсан сургууль зохиох зэрэг харилцааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байна” гэлээ.

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.М.Кришна “ Би Мэдээллийн технологийн хөгжлийн гол төв нь болсон Бангалор хотод Их сургууль төгссөн. Монголыг дэлхийн “2 дахь Бангалор” болгох таны саналыг дуртайяа дэмжиж ажиллах болно. Танай улсаас, манай улсад мэдээллийн технологийн чиглэлээр бэлтгэх боловсон хүчний тоог нэмэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Түүнчлэн бид уул уурхайн салбарт туршлагатай. Энэтхэгийн хөрөнгө оруулагчид монголын ураны салбарыг сонирхож байгаа. Энэ чиглэлээр тодорхой шийдвэр гарна гэдэгт итгэж байна” гэлээ.

Уулзалтанд оролцогсод хоёр орны харилцааны болон, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал, бусад асуудлаар санал солилцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.