УИХ-ын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ: Уран, газрын тос нь Дорнод аймгийн хөгжлийн түлхүүр юм
2009.11.17

УИХ-ын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ: Уран, газрын тос нь Дорнод аймгийн хөгжлийн түлхүүр юм

УИХ-ын Тамгын газраас тав дахь удаагаа зохион байгуулж буй онлайн ярилцлагад Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд оролцлоо.

Онлайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нээж, орон нутгийнхаа талаар мэдээлэл өгөхийг аймгийн Засаг даргаас хүссэн юм.

Дорнод аймгийн Засаг дарга Н.Жанлав онлайнаар гишүүдтэйгээ уулзаж байгаадаа талархал илэрхийлээд яриагаа эхлэв. Тэрбээр тус аймагт одоогоор цаг тайван, цас орсон хэдий ч хүндрэл бэрхшээлгүй байгааг танилцуулаад одоогийн байдлаар хамгийн их сэтгэл түгшээж буй асуудал бол гахайн ханиад байна гэв. Тус аймагт нийт 300 гаруй хүн уг ханиадаар өвчилсөн бөгөөд эдгээрээс 60-70 хүн эмчлүүлж байгаагийн 2 нь сэхээнд байгаа аж. Аймгийн Засаг даргын зүгээс захирамж гаргаж, өвчлөлийг давж гарахад чиглэгдсэн ажлуудыг төлөвлөн, үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн дотор өвчилсөн ба эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх бэлтгэл ажлыг хийгээд байгаа юм байна.

Дорнод аймагт хийгдэх төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө 100 хувийн биелэлттэй байгааг аймгийн Засаг дарга илтгээд, одоо ахмад дайчдад олгох 35 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцны асуудлыг шийдэх нь нэн чухал байна гэв. Тус аймагт нийт 44 ахмад дайчид байгаагаас 4 нь уг тусламжийг хүртсэн бөгөөд бусад ахмад дайчдыг орон нутагтаа байгаа шинэ орон сууцаар хангах хууль эрх зүйн үндэслэл, төсвийн боломж байгаа эсэхийг гишүүдээсээ асууж байлаа.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна дачин компанид ажиллах монгол ажилчдыг орон нутгаасаа ажиллуулах боломжид туслалцаа үзүүлэхийг хүсч байв. Учир нь тус компанийн мэргэжилтэй ажилчдыг Улаанбаатарын нэгэн компани зуучилж байгаагаас орон нутгийн иргэд ажиллах боломжгүй байгаа аж. Үүний зэрэгцээ тус аймгийн байгалийн нөөц баялгийн нэг болох ураныг олборлосноор орон нутагт ямар ашигтай байж чадах вэ гэдэг асуудлыг хөндөж тавилаа. Засаг дарга цааш нь, Дорнод аймаг аялал жуулчлалын өвөрмөц бүс нутаг болж чадах онцлогтой тул тэрхүү бүсэд казино байгуулах, аялал жуулчлал, худалдааны чөлөөт бүс бий болгох хэрэгтэй юм гээд, Өндөрхаанаас явж буй хатуу хучилттай зам ямар хэмжээгээр нэмж үргэлжлэх боломжтой, үүн дээр төр ба хувийн хэвшил хамтран ажиллах боломж байгаа эсэхийг асуулаа. Мөн аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Алтаргана наадам зэрэг тэмдэглэлт үйл явдлууд тохиох гэж байгаатай холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аймгийн ЗДТГ-ын байрыг засварлах боломж байна уу гэж байв. Тус аймагт хүүхдийн цэцэрлэгийг нэмж барих шаардлагатай байгааг Засаг дарга онцлоод үүний шалтгааныг төрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг санхүүжүүлэх болсонтой холбон тайлбарлаж байв.

Ц.Шаравдорж дарга Дорнод аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд УИХ-ын гишүүдэд микрофоныг шилжүүллээ.

УИХ-ын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ: Уран, газрын тос нь Дорнод аймгийн хөгжлийн түлхүүр юм

Өнөөдөр тулга тойрсон асуудлаар яримааргүй байна. Ойрын 6 жилийн асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Миний хувьд газрын тосны компаниудтай уулзаж байна. Газрын тосыг 2010 оноос эхлэн ашиглаж эхлэх байх. Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон бидний гурван гишүүн Газрын тосны тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадахуйц заалтуудыг оруулсан. Ураны тухайд УИХ-аас холбогдох бодлого, хуулиудыг баталсан байгаа. Уран, газрын тос аль аль нь Дорнод аймгийн хөгжлийн түлхүүр юм.

Авто замын тухайд 2012 онд Хөлөнбуйрт хүрэх боломжтой харагдаж байгаа. Мөн төмөр замыг Рашаанттай холбох нь их чухал ач холбогдолтойд тооцогдож байна. Ингэснээр Дорнод аймгийн төв Чойбалсан ачаа эргэлтийн төв болох юм. Одбаяр гишүүний өмнөх парламентад сууж байхдаа хөөцөлдөж бариулсан Нөмрөгийн гүүр ашиглалтад орсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд их түлхэц болно гэж үзэж байна.

Халх голын хувьд бүс нутгийн хөдөө аж ахуйг сэргээх боломж байгаа. Ахмад дайчдын тухайд НХХЯ-тай ярьсан. 2010 оноос эхлэн тухайн аймаг бүрт нь орон сууц олгохоор ярьж байгаа юм байна. Бас бэлэн мөнгөөр өгье гэсэн зүйл ч яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.ОДБАЯР: Эдийн засгийн хямралтай байгаа ч улс орноо хөгжүүлье гэсэн эрмэлзлэл байна

Шууд онлайнаар ярилцах боломж гэдэг их чухал юм. Аливаа ажлыг хийхэд санхүүгийн эх үүсвэр, эрх зүйн орчин, хүн хүчний нөөц гэсэн гурван чухал эх үүсвэр шаардагддаг. Богино хугацаанд хамгийн зөв ажлыг нь хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч улс орноо хөгжүүлье гэсэн эрмэлзлэл байна. Одоо УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жилийн хувьд манай аймагт төсвийн хөрөнгө оруулалт бага харагдаж байгаа. Аймгийн удирдлагууд Сангийн яамтай ойлголцсон байх. Өнөөдөр УИХ дахь хоёр намын бүлэг тус тусдаа хуралдаж төсөв хэлэлцэж байна.

Мянганы замын ажил зогсонги байдалд орсон. Энэ ажлыг урагшлуулах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-д Концессын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ нь иргэд, хувийн хэвшлийн ААН-ийн оролцоог дэмжих, төрөөс тэдэнтэй хамтран ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх ач холбогдолтой хууль юм. Аймгийн иргэдийн санал бодлыг сонсоход та бүхний хийж хэрэгжүүлж буй ажилд сэтгэл өндөр байдаг юм билээ.

Одоо хамгийн тулгамдсан асуудал бол H1N1 вирусээр үүсгэгдсэн ханиадны тархалт юм. Халдвар авсан хүний тоо бусад аймгаас өндөр байгаа. Иймд өвчтэй хүмүүсээ эмчлэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулах хэрэгтэй байна. Аймагт цас орж, хүйтний эрч чангарсан гэж дуулаад санаа зовж байлаа.

Цахилгаан станцын алдагдлыг санхүүжүүлэх асуудал УИХ дээр яригдах байх. Бусад асуудлыг сонсож байгаа. Хөгжлийн хэтийн төлвийн асуудлаар бид гурав УИХ дээр байр сууриа хамгаалах болно.

УИХ-ын гишүүн Ц.ШИНЭБАЯР: Дорнод аймаг эрчим хүчний үнийн дарамтад орохгүй байх боломжтой

Төсөв хэлэлцэж буй үед энэ уулзалт болж байгаа нь сайн хэрэг. Эрчим хүчний үнэ шууд нэмэгдэхэд хэрэглэгчийн нуруун дээр ачаалал ирнэ. Иймд эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлэхгүй байж чадвал Дорнод аймаг эрчим хүчний үнийн дарамтад орохгүй байх боломжтой.

Мөн ЖДҮ-ийн төсвийн зээл, ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас чөлөөлөх зэргээр төрөөс бодлогын чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Үүний зэрэгцээ Газрын тосны хууль батлагдтал ГТХЭГ-аас энэ жил 100 сая төгрөгийн урьдчилгаа авах талаар ярьж байна. Мөн газрын тосны чиглэлээр сургалтын баазыг бэхжүүлэхэд 100 сая төгрөг гаргах боломж байгаа.

Алтаргана наадмын тухайд 220 сая төгрөгийн төсөвтэй санал явж байгаа. Наадмыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулах нь зөв юм гэж бодож байна.

Авто замын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Мянганы замын зүүн чиглэл дэх төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн өөр бусад арга замаар хэрэгжүүлэх боломжуудыг судалж байна. Манай аймгийн төсөвт 9 заалт бүхий 3 тэрбум 498 сая төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдсан байна. ЗДТГ-ын байрны асуудал энд ороогүй.

Төсвийн алдагдал 5 хувиас хэтрэхгүй байхаар Сангийн яам тооцсон байгаа. УИХ дахь намын бүлгүүд болон Эдийн засгийн байнгын хороо төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах арга замыг ярилцаж байна. Иймд та бүхэн цаашид төсвийн хөрөнгө оруулалтад тусгах асуудлаа эртнээс ярьж хэлэлцэж байх хэрэгтэй байна.

Эмч, эмнэлгийн ажилтнууд илүү цагийн мөнгөө авч эхлээд байна

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа асуулт, хариулт эхэллээ. Чулуун-Овоот, Матад сумын цахилгаан, эрчим хүчний хангамж, Мянганы зам, цэцэрлэгийн барилга, ЗДТГ-ын байр зэрэг тулгамдсан асуудлууд эхлэн яригдаж, онлайн ярилцлагад оролцож буй талууд санал бодлоо солилцов.

УИХ-ын гишүүн Д.Одбаяр “ЭМЯ-аас явуулсан тусламжийн зүйлс хүмүүстээ хүрсэн үү. Ханиадны талаар ямар арга хэмжээ авч байна вэ” гэж асуулаа.

Аймгийн ЭМГ-ын дарга н.Должин асуултад хариулахдаа, тус аймагт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд тоног төхөөрөмжийн хангалт сайн байгаа. Одоогоор илүү цагийн хөлс 15 сая төгрөг шилжиж ирээд байгаагаас эмч, эмнэлгийн ажилтнууд илүү цагийн мөнгөө авч эхлээд байгаа. Мөн шатахууны зардал 600 мянган төгрөг хуваарилагдаж ирсэн нь 14 хоногт хүрэлцээтэй нөөц юм. Өрхийн эмнэлэг дээр ачаалал хамгийн их ирж байгаа учир уг зардлыг тэдэнд олгож байгаа. Гурван 69 машин дуудлагад явж байна. Ер нь бензин бага иддэг бага оврын машин хэрэгцээтэй байгаа гэж байв.

Аймгийн Засаг дарга энэ үеэр Д.Одбаяр гишүүний асуултад хариулан нэмж тодруулга хийв. Тэрбээр 2016 он хүртэл Дорнод аймгийг хөгжүүлэх стратегийн бичиг баримтыг боловсруулаад энэ сарын 25-нд болох ИТХ-аар хэлэлцүүлэх гэж байгаагаа мэдээллээ. Мөн аймгийн төдийгүй улс орны хувьд тулгамдсан асуудал болоод буй ханиадны тархалтыг бууруулах ажлын хүрээнд аймгаас 10 сая төгрөгийн эх үүсвэр гаргаж хүмүүстээ туслалцаа үзүүлж байгаа гэв. Мөн гишүүдээс бага гэлгүй туслалцаа үзүүлбэл ихэд талархана хэмээн нэмж хэллээ.

Онлайн ярилцлагад оролцож буй иргэдийг төлөөлөн өндөр настан н.Доржжүгдэр Мянганы зам, ахмадуудын байрны талаар тодруулан асуулт тавьж гишүүдээс хариулт авлаа. Мөн “Гэр” хөтөлбөрийн хэрэгжилт, Матад сумын цахилгаан эрчим хүчний шугам, Өндөрхаанаас Хэрлэн голын урдуур явж Хөлөнбуйр хүрэх авто замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж байгуулах боломж зэрэг сэдвүүд асуулт хариултын үеэр яригдлаа.

П.Алтангэрэл гишүүн Засгийн газрын гишүүдэд асуулга тавьсан тухайгаа мэдээлж, Ц.Шинэбаяр гишүүн эрчим хүчний хангамж, ахмадуудын байрны НХХЯ дээр эрэмбэлэгдсэн жагсаалтад Дорнод аймгийн ахмадууд хэдэд байгаа талаарх мэдээллийг өглөө.

П.Алтангэрэл гишүүн ЖДҮ-ийн зээлийн олголт, үр дүнгийн талаар тоо баримт шаардсан асуулт тавьж, орон нутгийн удирдлагуудаас хариулт авлаа. Мөн томоохон үйлдвэрүүдээ дагуулж жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, хадлан тэжээл бэлтгэх ажлыг орон нутгийн брэнд болгох боломж байгааг хэлж байв.

Д.Одбаяр гишүүний хувьд аймгийн удирдлагуудад хандаж Дорнод аймаг бол хамгийн ирээдүйтэй аймгийн нэг учир төмөр зам, газрын тос, ураны асуудал төрийн бодлогын хэмжээнд тавигдана гээд, энэ хүрээнд ажлаа хэрхэн өргөжүүлэх талаар санаачлагатай байхыг сануулж, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн ажил, сургуулиудын байдал зэргийг тодруулан асууж байв.

П.Алтангэрэл гишүүн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төслийн шалгаруулалтаас төсөл хөтөлбөр авч хэрэгжүүлж байгаа. Энэ байдалтай сайн танилцаж байгаарай, энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг явуулна гэсэн бол Д.Одбаяр гишүүн ахмадуудын орон сууцны талаар НХХЯ-ны ажлын хэсгийг Дорнод аймагт очиж газар дээр нь нөхцөл байдалтай танилцаач гэж хэлье гэв.

Энэ зуур орон нутгийн удирдлагууд гурван гишүүний тойрогт нь хуваарилагдах гурван тэрбум байх магадлалтай хөрөнгө оруулалтын талаар ч дурдаж амжив.

Дорнодын ирээдүй бол Монгол Улсын ирээдүй

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүд товч үг хэлэв.

П.Алтангэрэл гишүүн хэлсэн үгэндээ, хаана хаанаа тус тусынхаа ажлыг сайн хийе. Орон нутгийн удирдлагууд харилцаа холбоо сайтай баймаар байна. Бидний ажлыг дэмжиж орон нутагт сурталчилж баймаар байна. Та бүхнээс байнга мэдээлэл авч чадахгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалт яваандаа сайжрах байх. Төсвийн асуудлыг жилийн туршид анхааралдаа байлгаж, ярьж байх хэрэгтэй байна гээд үгээ өндөрлөлөө.

Д.Одбаяр гишүүн газрын тосны асуудлыг хөндөн ярьж, аймгийн зүгээс санаачлагатай байж тухайн байгууллага, ААН-тэй нь холбоо тогтоох нь зөв гэдэг чиглэл өгөв. Мөн онлайнаар нүүр нүүрээ хараад ийм олуулаа суугаад ярилцах нь сайхан байна. Тэр тусмаа Дорнод аймгийнхаа хөгжлийн асуудлаар бүгд хамтдаа сууж байгаад санал бодлоо солилцох нь бүр ч чухал гэв. Тэрбээр Дорнодын ирээдүй зөвхөн Дорнодынх биш ээ, Монгол Улсын ирээдүй гэсэн үг. Ийм ч учраас санхүүгийн эх үүсвэр нь бүрдээсэй, төрийн байгууллагууд болон компаниудын үйл ажиллагаа нь ард иргэддээ нээлттэй байгаасай. Ирэх ондоо сайхан өвөлжиж, хаваржаарай гэлээ.

Ц.Шинэбаяр гишүүн хэлсэн үгэндээ, онлайн ярилцлага өндөрлөж байна. Цаг хөрөнгө хэмнэсэн, сэдэв тодорхой байж тал талаасаа танилцуулга хийгдсэн амжилттай ярилцлага боллоо. Мөн өргөн хүрээний асуудлыг хөндөж, олон шинэ санааг илэрхийлэн ярилцсан ярилцлага боллоо. Энэ ярилцлагыг зохион байгуулсан Тамгын газрын удирдлагад талархаж байна гэв.

Онлайн ярилцлагыг хааж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээг телевиз, сонин, радиогийн болон гэрэл зургийн сурвалжлагчид сурвалжилж, Дорнод аймгийн орон нутгийн телевиз аймгийн иргэдэд үзүүлэхээр бүрэн бичлэг хийж авсан юм.

Онлайн ярилцлагын үеэр аймгийнхаа хөгжлийн ирээдүйг уран ба газрын тосны олборлолттой салшгүй холбоотой хэмээн үздэгээ аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд удаа дараа илэрхийлж байлаа.

2009 оны 11 дүгээр сарын 16, Төрийн ордон
Шинжээч Ц.Оюунчимэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.