2009.11.17

Ж.Сүхбаатар: Хамтарсан Засгийн газар хоёр намын тодорхой бүлгийнхний эрх ашгийг хамгаалах хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө төрийн ордонд олон жил ажилласан. Харин гишүүн болоод эргэж ирэхэд арай өөр байгаа байх?

-Миний хувьд урьд нь УИХ-ын гишүүн агсанТөмөр багшийнхаа туслахаар 2 жил ажилласан. Дараа нь УИХ дахь МАХН-ын бүлэгт хуулийн зөвлөх, СЕХ-ны нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын ажлуудыг хийж төрийн албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэрнээс 7 жил нь төрийн ордонд ажилласан. Энэ утгаараа ордон миний хувьд хуучны танил. Засварчин, мужаан, слесариасаа эхлээд намайг 12 жилийн өмнө орж ирэхэд байсан хүмүүсээс нэлээд нь одоо ч энд ажиллаж байна. Ажлын ерөнхий, уур амьсгалын тухайд надад шинэ соргог зүйл мэдрэгдэхгүй байгаа.

Өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар энд ажиллаж байгаа болохоор өргөн цар хүрээтэй бодлогын талаас асуудалд хандаж амьдралын гүн рүү их орж байна. Олон хүмүүстэй харилцаад амьдралын зовлон жаргал, үнэнийг илүү мэдрээд ирэхээр хүн л юм болохоор өөрийнхөө тухай эргэцүүлж бодож эхэлдэг юм байна. Би ер нь зөв амьдарч чадаж байна уу, эргэн тойрныхоо хүмүүстээ хайр халамж тавьж чадаж байна уу ч гэхчлэн. Урьд нь тэр тухай бодохоосоо илүү ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж залуу хүний хувьд галзуу юм шиг ажиллаж байснаа өөрөөсөө олж харсан. Гишүүд хааяа өөрсдийгөө "Доороо цэрэггүй дээрээ даргагүй " гэж хошигнодог. Хуучин би Засгийн газрын тэргүүн дэд дарга байхдаа 100-гаад хүнийг удирддаг байлаа.УИХ-ын гишүүн хүн чинь ард түмнээс үүрэг даалгавар авсан, тэдний өмнө хариуцлага хүлээсэн нэг л том даргатай. Хэрэг дээрээ нэг л туслахтай хүн.

-Тэгээд эргээд харахад та өөртөө ямар дүн тавихаар байна?

- 30 хүрээд ертөнцийг үзэх үзэл амьдралд хандах хандлага тогтож ирдэг гэдэг. Тэр хүртлээ сурч боловсроход хичээл зүтгэлтэй байх ёстой. Миний хувьд амьдралын нэг том цикл өнгөрч байна. Би Жан Жак Руссогийн "Боловсрол бол баялаг, хөдөлмөр бол түүний түлхүүр юм" гэдэг үгийг амьдралдаа мөрдлөг болгодог. Жирийн айлын хүүхэд миний хувьд мөнгө зараад гадаадад боловсрол олох боломж хязгаарлагдмал учир өөрийнхөө чадлаар орсон МУИС-ын хууль зүйн сургуульдаа сайн суръя л гэж бодсон. Дараа нь хуулийн сургуульд багшлангаа төрийн байгууллагад ажилласан.

-Зарим хүмүүс бол залуу хүнийг өндөр албан тушаал өөрчилдөг гэдэг?

-Цөөн тооны тийм хүмүүс байж болно. Би ч гэсэн тийм хүмүүсийг олж харж л байдаг. Гэхдээ ийм хэмжээнд хүртлээ тухайн хүн юу хийснийг нь амьдралынх нь замнал түүхийг харж байгаасай гэж боддог юм. Би үүнийг залуучууддаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс ярьж байгаа юм. Хамгийн гол нь танил талдаа биш. Сайн сайхан хүмүүстэй уулзаж учрах хэрэгтэй.Тэр хүмүүс чамд жаахан ч гэсэн ажил даалгахад тэрийг нь чи сэтгэл зүрхээрээ маш сайн хий, эхний ажлуудыг чи сайн гүйцэтгэсэн байхад бурхан чиний хувь заяаг харж үзнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Талийгаач Төмөр багш маань надад нэг хуулийн төсөл боловсруулах даалгавар өгч байсныг би ер мартдаггүй. Одоо бодоход тэр даалгаврыг би үнэхээр сайн хийсэн. Тэрнээс хойш багш маань надад итгэдэг болсон. Ингээд шат шатны бүх хариуцсан ажлаа сайн хийгээд явахаар хүмүүст чи хэрэгтэй болдог. Хүмүүст хэрэгтэй байна гэдэг нь чи нийгэмд хэрэгтэй байна гэсэн үг. Өөрийн олж өвсан мэргэжил ур чадвараа тасралтгүй дээшлүүлэхийн тулд биеэ байнга дайчлах нь бас нэг амжилтын хүчин зүйл.

Одоо бодоход сургууль төгссөний дараа би эхний 8 жил шаргуу хөдөлмөрлөдөг байсан. Хагас бүтэн сайн гэлгүй өдөр болгон 14-16 цаг ажилладаг байсан юм билээ. Он гараад би 35 хүрнэ. Одоо бол шаргуу байхаасаа гадна амьдралд их тэнцвэртэй хандах ёстой юм байна гэж бодож байгаа. Гэр бүлдээ, хүүхдүүддээ төрөл садан найз нөхөддөө цаг гаргах хэрэгтэй юм байна. Харамсалтай нь би чадахгүй байгаа юмаа ярьж байна л даа. Баяжиж хөрөнгөжиж хүчтэй нөлөөтэй болох гэж оролдохоосоо илүүтэй ажил амьдралын зөв хэмнэлтэй болох гэж боддог. Сүүлийн үед Бурхан багшийн сургаал, Библи уншиж байгаа. Тэнд хүн амьдралд дундаж тэнцвэртэй байх ёстой гэж номлодог. Ц.Мөнх-Оргил гишүүн Коран судар ангил хэл дээр олж өгнө гэсэн. Коран судар уншина гэж бодож байгаа.

-Та хуульч хүнийхээ хувьд энэ Засгийн газрын тухай юу хэлэх вэ?

-Яг хууль зүйн шинжлэх ухаан талаас улс төр судлалын талаас нь аваад үзвэл тайлбар нь их өөр болно. Ер нь хамтарсан Засгийн газар гэж байдаг юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Онолын талаасаа ч амьдрал дээр ч дангаар болон эвслийн Засгийн газар гэж л байгаа. Манай үндсэн хуулиар олонхи болсон нам эвслийн Засгийн газар байгуулах боломжгүй учраас Хамтарсан гэдэг үг бодож олж, Засгийн газраа нэрлэсэн атлаа хэрэг дээрээ эвслийн Засгийн газрын хэлбэртэй ажлаа явуулж байгаа.

-Хамтраад ажиллаж байгаа нь сайн ч хяналт алга. Үүнийг та чуулган дээр хатуухан шүүмжилдэг?

-Энэ Засгийн газарт хяналтын асуудал яах аргагүй гарч ирж байгаа юм. Хамтарсан гэхээр хүмүүс дугтарвал хүч нэг, дугарвал дуу нэг гэдэг шиг хамтраад байвал юм бүтээд ажил урагшлаад байх юм шиг ойлгогдож байж болох юм.

Гэхдээ хуульзүй, парламент ёсны талаасаа ийм байж болохгүй гэдгийг нь хүн төрөлхтөн олон мянган жилийн турш үзээд туулаад ойлгосон юм. Парламент бол олонхи, цөөнх байхыг шаарддаг. Энэ нь эрх мэдлийг хяналттай байлгах, хэн нэгэнд хязгааргүй эрх мэдэл очихоос сэргийлэх тэнцвэржүүлэх механизм юм. Олонхи, цөөнх гэдэг тогтолцооноос гадуурх тохиолдолд дур зорго, авлига, хүчирхийлэл, дарангуйлал ноёрхож байсан. Гагцхүү маш онцгой тохиолдолд дайн байлдаантай хүнд цаг үед л хамтарч болдог. Тэр хүнд цаг үеийг давахад улс үндэстнээрээ хүч нэг болж ажиллах хэрэг гардаг, бусад үед бол энэ механизм сайн ажилладаггүй.

Би МАХН- ын дарга С.Баярын явуулж ирсэн бодлогыг тууштай дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа. Гэхдээ шүүмжлэхэд учир бий гэдэг шиг дэмжихэд бас учир бий. Хяналт бол  хариуцлагатай яг дагалдаж явдаг. Одоогийн хамтарсан Засгийн газар бол тодорхой тохиолдлууд дээр хоёр намд байгаа тодорхой бүлгийн эрх мэдлээ хамгаалах хамтын хамгаалалтын үүрэг гүйцэтгээд байна. Парламентын гишүүдийн шүүмжлэлээс ангид байх эсвэл шүүмжлүүлсэн ч  хариуцлага хүлээхгүй мултрах хамгаалалт болсон. Мөн хоёр намын бодлогыг тодорхойлж байгаа хэсэг "цус ойртож", хэдийгээр тавьсан зорилт нь зөв боловч тэрнийхээ далбаан дор буруугаа зөвтгөж явж байна. Nйм байдал гаргуулахгүй, даамжруулахгүй байх үүднээс би удаа дараа Засгийн газрын гишүүд,намынхаа удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа. Хичнээн сайхан хүмүүс байгаад, хичнээн сайхан зорилго тавиад ч зөв ажиллах гэж оролдсон ч явцуу хүрээний явцуу үйл ажиллагаагаар том зорилтуудыг биелүүлэх боломжгүй байдаг. Явцуу хүрээнд явж байгаа үйл ажиллагааг олигархижсан төр, мафижсан төр гээд олон янзаар хэлдэг. Юу гэж нэрлэх нь чухал биш. Үүнийг хориглон зогсоохын тулд Засгийн газраа шахаж шаардах ёстой.

Миний хувьд парламент эрүүл саруул байгаасай гэдэг үүднээс энэ асуудлыг байнга ярьж байгаа. Хамтарсан Засгийн газрын үед хяналт алдагдаж байгаа нь үнэн. Үүнийг дагаад хариуцлаггүй байгаа нь ч үнэн. Өнөөдөр авилгатай ТЭМЦЭЖ БАЙГАА байгууллага шударга ёсны төлөө явж байгаа хүмүүсийг намнах ажиллагаа ил тод үзэгдэх болсон. Манайх авилгын индексээр хэдхэн жилийн өмнө 80 хэдэд байна гэж байсан бол одоо 99-д орчихсон хойшоо ухраад л байна. Бид авилгажсан төр улс гэдэг ангилалд орчихсон байна. Хяналт гэдэг үгийг би хатуу тавьж байгаагаараа зарим хүний дургүйг хүргэж байгаагаа ойлгож байгаа ч шударга байх, олон түмний дуу хоолой болох үүргийг сонгогчдоосоо авсан. Түүнээс биш хэн нэгэнд таалагдаж дахин дахин сонгогдож, өөрийгөө сурталчлахад цаг заваа зарцуулж камерын өмнө сүүтэлзэж , фото зурагчны бай болох гэж зүтгэх нь залуу хүнд халтай. Өөдрөгөөр бодоход би дахиад 20 жил энэ нийгэмд идэвхтэй амьдарна. Хэрвээ би худлаа хэлсэн бол, хулгай хийсэн бол хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол намайг хүмүүс амьд дээр минь шүүмжлэх цаг хугацаа хангалттай байгаа учраас өөрөөр явах эрх байхгүй л дээ.

-Шинэ гишүүдээ хууччуул нь үг хэлийг нь хааж боож "дэглэдэг" тухай Ш.Сайхансамбуу гишүүн ярьж байсан?

-Бусдын өмнөөс би юу хэлэх вэ. Ер нь парламент дахь сахилга, мөн УИХ-ын гишүүдийн хүлээсэн үүрэг гэж нэг юм байна. Би УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн. Тэр бүлгийн дүрэм гэж байна. Бид чинь 46- уулаа. Энэ бүх хүмүүс дор дороо дур зоргоороо явж болохгүй. Аливаа үйл ажиллагаа зохион байгуулалттай байх ёстой. Чуулганы танхимд би хэлэх үгээ хэлдэг ч зохион байгуулалттай бүлгийн гишүүн учраас бүлгийн дүрэмд захирагдана. Яагаад гэвэл бид сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр дэвшүүлж тэрнийг нь би ч гэсэн хуваалцаж орсон. Надад өөрийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Намын мөрийн хөтөлбөрөө барьж сонгуульд орсон Тэд нарын тавьж байгаа шаардлага бол хэвийн зүйл. Нөгөө талаас аль төрд төрийн ой санамжийг
дараагийн парламентдаа шилжүүлж байдаг, олон удаа сонгогдсон хүмүүс байдаг юмаа. Аль ч улсын парламентад ах захын ёс, бие биенээ хүндлэх ёс, насны эрэмбийн зарчим гээд бичигдээгүй хууль байдаг. Тэдний үгийг зарим нь заавар тушаал гэж ойлгож байгаа бол би зөвлөгөө л гэж ойлгоно. Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын олон удаа сонгогдсон гишүүдийн үгийг сонсох, монгол төрийн бичигдээгүй хуулийг тэднээс суралцах нь зүйн хэрэг Ер нь Монгол төрийн уламжлалыг өөртөө шингээн авч дараа үедээ дамжуулж буй хүмүүс бол эд байхгүй юу. Мэдээж бид нэг танхимд мөр зэрэгцэн ажиллаж байгаагийн хувьд санаа оноогоо хэлж зарим үед шүүмжлэх ч юм гарчхыг үгүйсгэхгүй.

-Та хүүхдийн мөнгөнөөс татгалзъя гээд бөөн хэл аманд орсон байх аа?

-Улс эх орны санхүү эдийн засгийн байдал маш хүнд байна. Одоо Монгол улсыг хөгжүүлэх сангаас хүүхдэд улирал тутам 25 мянган төгрөгийг өгч байгаа. 3000 төгрөгийг сар бүр төсвөөс өгч байгаа. Сая том хөрөнгө оруулалтаа өөд нь татахын тулд 2011 оноос эхлээд гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгосон. Тэгэхээр 2011 оноос эхлэн хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр эрс хомсдоно. Түүнээс гадна энэ жилийн төсвийн алдагдал 250 сая ам.доллар буюу
бидний 70 жил бүтээсэн бүтээн байгуулалтын “Их өр” барагдуулсантай тэнцэх хэмжээний мөнгө болж байна. Ирэх жил төсвийн алдагдал үүнээс их болно гэж байгаа. Манайх хүүхдийн мөнгө авч байсан. Өнгөрсөн жил 272 мянган төгрөг авсан байна лээ. Уг нь хүнд мөнгө хэзээ ч илүүддэггүй. Энэ мөнгө манай гэр бүлд хэрэг л болсон. Гэхдээ надаас илүү боломжгүй олон гэр бүл, олон хүүхэд байгаа гэдэг үүднээс Бямбацогт гишүүн бид хоёр санаачилж хүүхдийн
мөнгөө боломжийн амьдралтай айл өрхүүд авахгүй байх санаачлага гаргасан. Би 9 сард бичиг явуулаад 10-р сарын 1-нээс эхлээд хүүхдийн мөнгө авахаа больсон. Бямбацогт гишүүн өмнө нь авдаггүй байсан юм билээ. Бид төрийн бүх удирдах албан тушаалтанд хандаж уриалга гаргасан юм. Хүүхдийн мөнгө авдаг дарга хэрвээ байгаа бол татгалзаачээ гэсэн юм. Албан ёсны тоогоор үзвэл дарга нарын орон тоо 10 мянга орчим байна лээ. Төрийн удирдах бүх албан
тушаалтан Хүүхдийн мөнгийг авахаа болино гэдэг бусдад үлгэр дууриал талаасаа нэг том алхам. Хэрвээ энэ хэвээрээ бүгд мөнгө аваад байвал эмзэг булгийн хүүхдийн авах
мөнгө баталгаагүй болох юм. Тэрийг баталгаатай байлгахын тулд наад зах нь төрийн удирдах
албан тушаалтанууд түүнээс татгалзчих хэрэгтэй.

-Та хоёрын санаачлагыг хэр дэмжив?

-Бид уг нь дарга нарт хандсан юм. Гэтэл ихэнх төрийн албан хаагчид дургүйцсэн байна лээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжчихаад дахиад нэмэлт мөнгө аваад байхаасаа сэтгэл өвддөггүй юм байх даа. Гэтэл төрийн албанд ч, хувийн хэвшилд ч ажиллаж чадахгүй огт орлогогүй хүмүүс олон байгаа шуу дээ. Тэдний зовлонг ойлгох ёстой ш дээ. Бид өөрсдийгөө эх оронч гээд л цээжээ дэлдээд байдаг Үнэхээр Монголчууд солонгосчууд шиг эх орончид мөн үү гэдэгт их эргэлзсэн шүү. Солонгост хямралын хүнд жилд ээмэг бөгжөө тайлаад улсдаа өгч байсан. Би нийгмийн боломжтой гэдгийг харьцангуй ойлголтоор хэлж байна. Хувийнхаа бүх асуудлаа шийдчихсэн хүнийг хэлээгүй. Өнөөдөр тийм хүн хорвоо дээр бараг цөөхөн дөө. Хамгийн гол нь тогтмол орлоготой хүмүүс хүүхдийн мөнгөөс сайн дураар татгалзана тэр хэрээр ядарсан нэгний маань авдаг мөнгө баталгаажина. Яагаад бид эмзэг бүлгийхнийг заавал тэжээх ёстой юм гэж бодож болно. Гэхдээ энэ хүнд үед өөрийгөө тэжээж чадахгүй, үр хүүхдээ авч явж чадахгүй байгаа тэр хүмүүст боломжоороо илүүчлэх нь нийгмийн хөгжилд тустай. Хэдийгээр үр хүүхдээ хооллож ундлах, эрүүл саруул боловсролтой иргэн болгох нь тэр хүний хувийн асуудал мэт боловч бас бидний асуудал. Бидний эргэн тойрны хүмүүс сайн сайхан байвал бид нарт хэрэгтэй. Яахав сонин хэвлэлээр бидний энэ санаачлагыг өөрөөр тайлбарласан байна лээ. Бид хүүхдийн мөнгийг алга болгох биш харин ч ядарсан зүдэрснээ илүү харж үзэж, боломжийн хүмүүс нь татгалзаачээ л гэсэн юм. Бямбацогт гишүүн бид хоёр эх оронч хүн бүрийн дэмжвэл зохих санаачлага л гаргасан болохоос өөрсдөө сүрхий амьдралтай болчихоод мөнгө илүүдээд байгаадаа хүүхдийн мөнгөнөөс татгалзсан юм биш л дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.