Парламентчдын сүлжээний гишүүдийг хүлээн авч уулзав
2009.10.27

Парламентчдын сүлжээний гишүүдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын парламентчдын Дэлхийн банкны сүлжээний шугамаар манай улсад зочилж байгаа Индонез, Бангладеш, Энэтхэг, Франц, Финлянд зэрэг орны парламентын гишүүдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга зочин парламентын гишүүд, Парламентчдын Дэлхийн банкны сүлжээний нарийн бичгийн дарга нарын газрын дарга, ажилтнууд болон Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрынханд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж буйд нь талархал илэрхийлээд улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

УИХ-ын сонгуулийн үр дүн, парламент дахь хүчний харьцааг харгалзан хамтарсан Засгийн газар байгуулсан нь санхүү, эдийн засгийн хямралтай энэ үед улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Улс төрийн намуудаас сонгуулийн үеэр авсан амлалтыг хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг гэтлэн давах чиглэлээр парламент ажиллаж байгааг УИХ-ын дарга дурдав. Монгол орны эдийн засгийн хувьд ч шинэ нөхцөл байдал үүсч буйг тэрбээр тэмдэглээд Монгол орон газрын хэвлийн асар их баялагтай. Тэр нөөц баялгийнхаа зарим хэсгийг ашиглаж эхлэхээр хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулсан нь эдийн засгийн шинэ боломжийг нээгээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай эхлэл болж буйг онцоллоо.
УИХ-ын дарга Монгол Улс, Дэлхийн банкны хамтын үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдгаа уулзалтын үеэр илэрхийлээд шилжилтийн эхний үед Монгол Улсад учирч байсан хүндрэлийг даван туулахад хандивлагч орнууд, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхэд Дэлхийн банк ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хүрээг хамраад зогсохгүй парламентын чадавхийг бэхжүүлэхэд ч чухал хувь нэмэр болж буйг тэмдэглэлээ.

Индонезийн парламентын гишүүн, Парламентчдын сүлжээний гишүүн Ида Лаоде хүндэтгэл үзүүлж, цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад төлөөлөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлэв. Тэрбээр парламентчдын Дэлхийн банкны сүлжээний Монгол дахь бүлэг байгуулах, сүлжээний гишүүдийн уулзалтыг тогтмолжуулж харилцан санал бодол, туршлагаа хуваалцаж байх, уулзалт зөвлөлгөөний үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарах санал тавьсныг УИХ-ын дарга дэмжлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Батбаяр болон албаны бусад хүн байлцав.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Парламентчдын Дэлхийн банкны сүлжээний гишүүдийг хүндэтгэн мөн өдрийн орой зоог барилаа /Зоог дээр УИХ-ын даргын хэлсэн үгийг www.open-parliament.mn сайтад бүрэн эхээр нь нийтэлсэн болно/ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.