МАХН-ын бүлэг чуулганаас завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлосон цагаасаа нэлээд хоцорч эхэллээ. Чуулганы хуралдаанд Засгийн газрын сайдууд ирж оролцох ёстой ч гадаадад болон орон нутагт томилолтоор ажиллаж байгаа, зарим сайд гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаа зэрэг шалтгаанаас үүдэн өглөө 10.00 цагт эхлэх байсан хуралдаан цаг гаруй хойшилж эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцэн ярилцах тул Засгийн газрын холбогдох сайдууд зайлшгүй байх ёстой юм. Иймд 15 минут хэртэй чуулган завсарлах болж, бага зэрэг хүлээлт үүссэн.
Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2010 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэлсэн юм. Гэвч Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь мөн л алга байсан тул МАХН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлтэй байгааг гишүүн А.Тлейхан дуулгав. УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан 15.00 цаг хүртэл завсарлага авч, хэлэлцэх асуудлаар санал солилцохоор бүлгийн хурал хийх хүсэлтэйгээ хэлж завсарлага авлаа.