МАХН бүлгийн гишүүддээ шахуу ажиллах шаардлагатайг анхаарууллаа
2009.05.26

МАХН бүлгийн гишүүддээ шахуу ажиллах шаардлагатайг анхаарууллаа

Өнөөдөр МАХН-ын бүлэг 25 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Бүлгийн даргын хэлж байгаагаар бол үлдсэн гишүүд өнөөдөртөө багтаад хөдөө орон нутаг болон томилолтоосоо ирэх ажээ.

Бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд хүргэлээ. Бүлгийн  хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Засгийн газраас оруулж ирсэн малчдыг хүн амын албан татвараас чөлөөлөх тухай, хувь хүний албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал, экспортын гаалийн татварыг тэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжжээ. Мөн 2010 оны төсөв хүрээний мэдэгдэл, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ энэ долоо хоногт багтаан батлах ёстой учраас МАХН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг дахин энэ бодлогыг авч хэлэлцэхээр болсон байна. Дээр нь Атомын эрчим хүч, цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодистой холбоотой бодлогын асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхтэй холбогдуулаад бас намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.

Мөн Эх орны хишиг сангийн тухай хуулийн ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж, бүлгийн саналын дүгнэлтийг бэлтгэж, эцэслэхээр болж, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг байнгын хороонд оруулахаар боллоо.


Бүлгийн дарга Д,Лүндээжанцан хэлэхдээ “үүнээс гадна хууль тогтоомжууд бий. Тухайлбал, Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ярина. Манай улсын хөдөө аж ахуй, газар тариалантай холбоотой маш чухал баримт бичиг гарах учиртай. Тийм учраас бид ажлын хэсэг гаргасан. Дээр нь 30 гаруй хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Энд бүлгийн бүх гишүүд тус тусын ажлын хэсэгт орж, шаргуу ажиллах шаардлага тулгарч байна. Нэг үгээр хэлбэл, наадмаас өмнө маш олон хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой учраас гишүүдийн хувьд УИХ-ын байнгын хороодын ажлын хэсгийн үйл ажиллагаанд идэвхтэй хариуцлагатай оролцож, тооцоотой, шахуу ажиллах шаардлага байна гэдгийг бүлгийн удирдлагын зүгээс анхаарууллаа” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.