МАХН-ын байр шатсанаар 6.9 тэрбумын хохирол тус намд учирсан гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ
2009.07.24

МАХН-ын байр шатсанаар 6.9 тэрбумын хохирол тус намд учирсан гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ

Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн, харин Өршөөл үзүүлэх тухай хууль хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүмүүст энэрэнгүй хандсан хууль болсон хэмээн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей өнөөдөр хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр хэллээ. Тус хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, З.Энхболд, Д.Тэрбишдагва нар оролцсон юм.

Хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо 18 удаа, нийт 20 цаг 45 минут хуралдсан бөгөөд хуралдааны ирц дунджаар 60 хувьтай байжээ. Байнгын хорооноос хууль, УИХ-ын тогтоолын төслийн талаархи 29 санал, дүгнэлт, танилцуулгыг гаргаж, давхардсан тоогоор 13 хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хуулиудыг хэлэлцүүлэн батлуулжээ. 
2008 оны долдугаар сарын нэгний өдөр болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас таван хүний амь эрсдэн, 401 иргэний биед гэмтэл учран, олон арван аж ахуйн нэгжид 11.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд тус бүр 50 сая төгрөг олгохоор болж байгаа юм байна. Анх хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд 15 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор тусгасан байсан аж. Харин УИХ-аар хэлэлцэх явцад 50 сая болгон нэмсэн юм байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагчдад гэмтлийн зэргээс шалтгаалан нөхөх олговрыг олгохоор хуульд тусгасан хэмээн байнгын хорооны дарга Х.Жекей мэдээлсэн юм. Дээрх албан хаагчдын сарын жишиг цалин 336 мянган төгрөг бөгөөд хүнд гэмтэл авсан албан хаагчид сарын цалинг 36 дахин, хүндэвтэр гэмтэл авсан хүнд 12 дахин, хөнгөн гэмтсэн хүмүүст гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг олгох ажээ. Хохирогчдод олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргах бөгөөд асуудал шүүхээр шийдэгдэн буруутай этгээдийг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээ авах гэнэ.

Үймээний үеэр бүрэн шатсан МАХН-ын байранд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгжийн талаархи судалгааг гаргасан байна. Тус байранд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 8.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол иргэдэд 1.7 тэрбумын хохирол учирсан гэсэн тооцоо гараад байгаа гэсэн. МАХН-ын байр шатсанаар 6.9 тэрбумын хохирол тус намд учирсан гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ.

Өршөөл үзүүлэх тухай хууль энэрэнгүй хууль болсон гэж Х.Жекей дарга хэлж байсан. 1981 оноос хойш энэ удаагийн хуулийг оруулаад манай улс найм дахь удаагаа алдаж эндсэн иргэддээ өршөөл уучлал үзүүлж байгаа юм байна. Хууль батлагдсантай холбогдуулан цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтнуудаас гадна өмгөөлөгчдөөс бүрдсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хорихоос өршөөлд хамрагдагсдыг суллах ажил эхэлж байгаа юм байна. Нийтдээ 3500-4000 орчим хүн өршөөлд хамрагдахаар байгаа бөгөөд эдгээрээс 2500-3000 нь хорих газраас суллагдах юм байна. Энэхүү хуулиар хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдээд ялаа эдэлж байгаа, болон мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх юм. Гэхдээ 2009 оны зургадугаар сарын 23-ны 00 цаг буюу 24-ний өдрөөс өмнө гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хамаатай юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр, эсвэл өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэгт холбогдсон хүнд энэ хууль үйлчлэхгүй гэж ойлгож болох нь.

Булган аймаг дахь онцгой дэглэмтэй хорих ангийн хоригдлууд Өршөөлийн хууль гарсны дараа үймээн дэгдээсэн гэсэн мэдээллийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авсан эсэхийг лавласан сэтгүүлчийн асуултад Байнгын хорооны дарга Х.Жекей, “Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль өмнө гарч байсан хуулийн зарчмаар л батлагдсан. Ерөнхийлөгчөөс өргөн барьснаар хэлэлцэн баталсан байгаа. Энэ хуульд өршөөлд хамрагдахыг хаасан зүйл, заалт бий. Тухайлбал, хүний амийг санаатайгаар хохироосон, олон удаа давтан хэрэг үйлдсэн, хүчингийн хэрэг, хүн хулгайлах гэх мэт хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс өршөөлд хамрагдах боломжгүй. Энэ зүйл заалттай холбогдуулан хэл ам хоригдлуудын дунд гарсан юм билээ. Гэхдээ ноцтой зүйл болоогүй. Хууль сурталчлах, ойлгуулах ажил хийгдэж байгаа” хэмээн хариулсан.

Хууль зүйн байнгын хороонд 2009 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 320 албан бичиг, 149 өргөдөл, гомдол ирснийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн байна. Өргөдөл гомдлын нэлээд хувийг 2008 оны долдугаар сарын нэгний өдөр болсон үймээн, эмх замбараагүй байдлын үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэн, төрийн албан хаагч, хуулийн этгээдээс ирүүлсэн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдлыг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо судлан үзэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болон бусад арга хэмжээг авч ажиллаж ажиллаж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.