Л.Гантөмөр: Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх байх
Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдөр. Өдгөөгөөс жилийн өмнө буюуяг энэ өдөр УИХ-ын сонгуулийн дүнд бухимдсан иргэдийн жагсаал онц байдал зарлахад хүргэж байсан.
Тэр ч бүү хэл үймээний үеэр цэл залуухан таван эр хорвоогийн мөнх бусыг үзсэн. Харин үймээнд оролцсон хүмүүст ял ногдуулаад буй. Тиймээс эдгээр хүнийг хамруулан Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн бариад байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй цөөн хором ярилцсан юм.
-Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон зарим хүн ял эдэлж байгаа. Тиймээс нийгмийн ихэнх масс энэ өдрөөс өмнө Өршөөлийн тухай хууль батлахыг хүлээж байсан. Гэвч өнөөдөр асуудал эсрэгээрээ байна?
-Манай нам долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон гэх хүмүүсийг өршөөх ёстой гэсэн байр сууринд нэлээд удаан хугацааны турш зогссон. Харамсалтай нь Өршөөлийн тухай хуулийг аль нэг нам санаачлан гаргахад нөхцөл байдал хүнд байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ шинэ Ерөнхийлөгч ял авсан хүмүүсийг хамруулах хэлбэрийг сонгож байгаа. Ер нь манай үе үеийн Ерөнхийлөгч нар сонгогдоод өршөөл үзүүлдэг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй. Тэр утгаараа нөхцөл байдал ингэж давтагдаж таарсан учраас л долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хүмүүс хамрагдах боломж гарсан гэж ойлгож байна. Тэгэхгүй бол улстөрчдийн болон улс төрийн гол хүчнүүдийн шийдвэр нэгдмэл байдалд хүрэхэд хүндрэлтэй байсан гэдгийг хэлмээр байна.
-Таны бодлоор Өршөөлийн тухай хууль батлагдахгүй удсан шалтгаан нь юу вэ?
-Шинэ хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан нь саяхан. Бид өргөн барьсан хуулийг л хэлэлцүүлж байгаа. Харин өмнө нь үймээнтэй холбоотой хуулийн төсөл санаачлах, өргөн барихын төлөө манай нам нэлээд зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-ний үймээнээс үүдэн ял аваад байгаа хүмүүсийг чөлөөлөх асуудлыг удаа дараа хөндөж байсан. Гэхдээ энэ байр суурийг УИХ-ын шийдвэр болгон гаргана гэж байхгүй. Бид чинь тоогоор цөөхөн. Ердөө 25 гишүүнтэй шүү дээ. Тиймээс бидний хувьд хүчин мөхөстөх зүйл байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Түүнчлэн Ерөнхийлөгч асуудлыг өөр хувилбараар тавьж байгаа учраас асуудал амжилттай шийдэгдэх байх. Үүнийг нь ч манай бүлэг дэмжсэн байр сууринаас хандах болно.
-Өршөөлийн тухай хуулийг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж амжих болов уу?
-Энэ долоо хоногт багтаж байнгын хороодын хуралдаанаар оруулах байх. Тиймээс чуулган завсарлахаас өмнө асуудлыг амжиж хэлэлцэнэ гэж бодож байна. Гэхдээ наадмаас өмнө долдугаар сарын 1-ний үймээнээс болж хоригдсон орон нутгийн хүмүүсийг гэрт нь хүргэж амжихгүй юм уу даа гэсэн дүр зураг харагдаж байгаа.