С.Баяр: Д.Зоригтын нэрийг дэвшүүлэх дөрвөн үндэслэл бий
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл, арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхний түмэн амар амгаланг айлтгая.
УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд манай нам хэний нэрийг дэвшүүлэх боломжтой байна гэдгээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчдоос асууж, социологийн судалгаа хийж, санал бодлыг нь тандан судалсны дээр намын гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулж, намын дүрмийн дагуу шат шатны намын байгууллагуудын хурлаар шүүн хэлэлцэж, манай намын шилдэг залуу боловсон хүчний нэг Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригтынхоо нэрийг МАХН-ын Бага хурлын гишүүд санал нэгтэйгээр дэвшүүлсэн.
УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа бүхэлдээ намын дотоод ардчилал, намын дүрмийн хүрээнд гишүүд, сонгогчдын санал бодолд тулгуурласан, эрх үүрэг, хариуцлагынхаа дагуу шат дараалан шүүн хэлэлцсэн байдалд болж өнгөрсөн гэдгийг намын даргын хувьд хариуцлагатай хэлж байна.
УИХ-ын гишүүнд намаа төлөөлөн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшинэ гэдэг нь нэг талаас намын хамт олноос үзүүлж байгаа өндөр итгэл найдвар, нэр хүндтэй хэрэг боловч нөгөө талаас асар их хариуцлага, илүү өндөр шаардлага тавигдаж байгааг манай нэр дэвшигч бүрэн ухамсарлаж байна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Манай нам Д.Зоригтын нэрийг дэвшүүлэхдээ түүний улс төр, ажил мэргэжил, ёс суртахууны шалгуур, намынхаа дүрэм, журам гээд бид олон үндэслэлийг тоочиж болох боловч гол дөрвөн үндэслэлийг хэлье.
Эхний хэсэг бол УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН оролцохдоо уул уурхайн салбараас олсон ашгаас иргэн бүрт Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг олгохоор амласан. Үүний биелэлтийг сонгогчид хүсэн хүлээж байна. Стратегийн ордууд тэр дундаа Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар энэ амлалт хэрэгжих нөхцөл маань бүрдэж эхэлж байна. Д.Зоригт сайд Оюутолгойн ордыг ашиглах гэрээг байгуулах ажлын хэсгийг ахалж ихээхэн үр дүнтэй ажиллаж чухал, шийдвэрлэх үүрэгтэй оролцсон. Монгол улс ашигт малтмал, уул уурхайн салбараа түшиглэн хөгжих нь тодорхой байна. Тэгэхээр стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж чадах боловсон хүчнээ, энэ салбараа хариуцсан сайдаа сонгуулийн амлалтаа биелүүлэх намын хувьд тэргүүн үндэслэл гэж үзсэн.
Дараагийн хэсэг бол Хамтарсан Засгийн газар ажиллаж байна. Энэ Засгийн газар МАХН, АН-аас УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийн зорилтуудад үндэслэн 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа Засгийн газар. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газрын нэг гишүүнээ нэр дэвшүүлэх нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа бидний зорилт хэрэгжих нэг чухал нөхцөл гэж манай нам үзсэн юм.
Гурав дах үндэслэл бол манай нам ахмад, дунд, залуу 3 үеийн төлөөллийг дотроо багтаасан боловсон хүчний арвин нөөцтэй нам. Манай намын залуусын төлөөлөл болж чадах хүн бол яах аргагүй Д.Зоригт мөн. Магадгүй гол амлалтаа хэрэгжүүлэх хүнээ нэр дэвшүүлэх нь Зоригт сайдын мэдлэг боловсрол, залуу хүний эрч хүч, бүтээлч чадавхи Монгол улсын засгийн газарт төдийгүй Монгол улсын парламентад хэрэгтэй.
Эцэст нь 4 дэх үндэслэл болгоод Төрийн залуу түшээгийн хувьд ажил хариуцах, хариуцлага хүлээж ажиллах чадвар, хариуцсан ажилдаа эзэн болдог чанар, ажлын дадлага туршлага, нэр цэвэр байдал нэр дэвших бас нэг чухал хүчин зүйл болсон юм.
МАХН ийм л шилдэг тэргүүний боловсон хүчин, төрийн сайдаа Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогч Та бүхэнд илгээлээ. Та бүхний идэвхтэй дэмжлэг юу юунаас чухал байна.
МАХН сонгуульд шударгаар өрсөлдөх талаар бүхий л арга хэмжээг авна. Монгол улсын хуулийн хүрээнд ил тод, ард түмнээ хүндэтгэсэн, шударга сонгууль явуулахад манай нам онцгой анхаарч ажилласаар ирсэн, ажиллах ч болно. Манай нам энэхүү сонгуульд бүх хүч, нөөц бололцоогоо дайчлан хуулийн хүрээнд өндөр зохион байгуулалттай, шударга ажиллах болно гэдгээ намын даргын хувьд илтгэж байна.
Гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээсэн, санасан үйлс сэтгэгчлэн бүтэж, энэ сонгуульд МАХН-аас илгээж байгаа нэр дэвшигч маань ялалт авч ирэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид та бүхэн УИХ-ын 24 дүгээр тойргийн нөхөн сонгуульд манай намаас нэр дэвшүүлсэн Дашдоржийн Зоригтыг дэмжинэ гэдэгт итгэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.