С.Эрдэнэ өнөөдөр тангаргаа өргөнө
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өнөөдөр 18.00 цагт хэвлэл, мэдээллийнхэнд зориулж маргааш хуралдах УИХ-ын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар товч мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.
10 дугаар сарын 2-ны Баасан гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын сонгуулийн 25-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Эрдэнийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлууд тусгагдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт 2009 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас таван хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд үүний нэг нь Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл юм. Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг авч хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Харин 10 дугаар сарын 1-ний Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд С.Эрдэнийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал тусгагдаагүй учир өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх боломжгүй байсан аж.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэдэг юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв