МАХН-ын намын үүрүүдээс Н.Энхбаярын нэр "тодорлоо"
УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд манай улстөрийн намууд ихээхэн ач холбогдол өгч
оролцож байна. Нөхөн сонгуульд зургаан нам оролцох эрхээ СЕХ-оос аваад байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх нутгаар тэнгэр муухайрч цасан шуурга тавьсан хүйтэн өдрүүд байсан бол МАХН-ын хувьд нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ “уралдуулсан” халуун өдрүүд байлаа.
Чингэлтэй дүүрэг МАХН-ын анхан шатны нэгж болох дүүргийн хороодын 19 намын үүрээс 13 хүнийг нэр дэвшүүлж, хэлэлцсэнээс ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 88.4 хувь буюу 1537 хүний саналаар олонхийн саналыг авсан байна. Түүний араас Нийслэлийн ЗД-ын орлогч Ц.Цогцолмаа, Эрдсэн баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн У.Бямбасүрэн, МАХН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Тэнгэр нар хамгийн олон санал авсан байна. Мөн хэлэлцсэн 13 хүний дотор Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр байсан ч олонхийн санал авч чадаагүй байна.
Одоо хамгийн олон санал авсан дээрхи таван хүний нэрийг Нийслэлий МАХН хүн нэг бүрээр нь хэлэлцээд, гурван хүний нэрийг Намын удирдах зөвлөлд өнөөдрийн дотор хүргүүлэх ажээ.