Нөхөн сонгуульд 98 мянган сонгогч оролцоно
УИХ-ын 24-р тойрогын нөхөн сонгууль энэ сарын 18-нд буюу ирэх баасан гаригт эхэлнэ. Энэ өдөр аль намаас хэн хэн нэр дэвших нь албан ёсоор тодорхой болох юм. Одоогоор улстөрийн найман нам энэ сонгуульд оролцохоо мэдэгдээд байгаа билээ.
Өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар Чингэлтэй дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг гарган Сонгуулийн ерөнхий хороонд өргөн мэдүүлсэн байна. Тус газрын тогтоосноор нөхөн сонгуульд 98 мянга 747 сонгогч оролцох ажээ. Сонгуулийн нэрсийн жагсаалтыг санал авахаас 14 хоногийн өмнө нийтэд ил тод болгоно. Тэр үед Чингэлтэйчүүд харъяалагдах хэсгийн хороондоо хандан нэрсийн жагсаалтад бичигдэн эсэхээ шалган, бичигдээгүй тохиолдолд бичүүлэх боломжтой юм.