АН ерөнхийлөгчийн сонгуульд хоёр тэрбум 953 сая төгрөг зарцуулжээ
2009.06.25

АН ерөнхийлөгчийн сонгуульд хоёр тэрбум 953 сая төгрөг зарцуулжээ

Өнөөдөр 14.00 цагаас АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нийт хоёр тэрбум 953 сая төгрөг зарцуулжээ. Энэ 2.9 тэрбум төгрөгийг хэрхэн бүрдсэн талаар ард түмэндээ дэлгэрэнгүй тайлагнах нь зүйтэй гэж үзэн АН доорх тайлбарыг өгсөн юм.

Энэ 2.9 тэрбум төгрөг хэрхэн бүрдсэн тухайд гэвэл

• 308.9 сая төгрөгийг Ардчилсан нам өөрийн төсвөөсөө,
• 53.4 саяыг хуулийн этгээд буюу байгууллага, хамт олноос,
• 2.5 тэрбум төгрөгийг иргэдийн хандиваас бүрдсэн гэв.

Энэ мөнгийг хэрхэн зарцуулсан тухайд гэвэл

• 1.3 тэрбум төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд,
• 1.1 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд оролцсон АН-ын гишүүд, ухуулагч гээд нийт ажилчдын хөлс,
• 130.3 саяыг бичиг хэргийн зардалд,
• 85 саяыг шатахуун, тээврийн зардалд,
• 78.2 саяыг сонгогчидтой уулзах, хурал, цуглаан зохион байгуулахад,
• 28.9 саяыг албан томилолтод,
• 163.3 саяыг бусад зардалд тус тус зарцуулсан ажээ.

Ингэж сонгуулийн зардлаа олон нийтэд нээлттэй зарлаж байгаа нь дараа дараагийн олон сонгуульд жишиг тогтоох, мөн АН иргэддээ ил тод байх ёстой гэсэн намыг зарчмаа харуулахыг зорьсонтой холбоотой ажээ.

Үүнээс гадна АН-ын зүгээс МАХН сонгуулийн зардлаа үндэслэлгүй тооцсон байгаа тухай сэтгүүлчидэд дуулгалаа. “Хамгийн энгийн жишээ гэхэд МАХН телевизийн сурталчилгааг манай намаас гурваас тав дахин илүү хийсэн гэж хөндлөнгийн дүгнэлт гарсныг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Гэтэл манайх хэвлэл мэдээллийн сурталчилгааны 1.3 тэрбум төгрөгийн 800 сая орчмыг нь телевизийн нэвтрүүлэг, сурталчилгаанд зарцуулсан. Үүнээс МАХН дунджаар дөрөв дахин их гээд бодохоор 3.2 тэрбум төгрөгийг зөвхөн телевизэд зарцуулсан болж таарч байгаа юм. Гэтэл МАХН-ын сонгуулийн зардлаа 1.9 тэрбум төгрөг гэж гаргасан байна лээ” гэлээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.