СЕХ: Үр дүнд нөлөөлхүйц зөрүүтэй дүн гарахгүй
СЕХ-оос сонгуулийн урьдчилсан дүнг 25-ын өдөр мэдээлсэн ч албан ёсны мэдээгээ гараагүй байгаа билээ. Зарим нэгэнд нь СЕХ дүнгээ мэдээлэхгүй байна, ямар нэгэн булхай хийхгүй байгаа гэсэн хардлага байгаа юм. Өчигдөр СЕХ-оос мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл байгаагаар одоо сонгуулийн дүнд мэдэгдхүйц өөрчлөлт орохгүй юм байна. Урьдчилсан мэдээ гэдэг бол утас, факсаар авсан мэдээлэл байдаг юм байна. Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай, дэд бүтэц тааруухан хөгжсөн зэргээс шалтгаалаад албан ёсны протокол, тогтоолоо СЕХ-нд авчирч өгөхөд цаг хугацаа их ордог бөгөөд СЕХ утсаар, факсаар авсан мэдээллээ УИХ-д танилцуулахын тулд албан ёсны тогтоолтой нь тулгаж, түүнийг үндэслэн албан ёсны дүнг гаргах ёстой байна. Өчигдрийн байдлаар гэхэд Нийслэлийн 9 дүүрэг, 8 аймгийн албан ёсны мэдээ, протокол, тогтоолоо өгөөд байгаа бөгөөд үлдсэн аймгуудын мэдээ протокол, тогтоол нь УБ-руу газраар болон, агаараар ирж яваа юм байна.
Факсаар авсан мэдээлэл бол эх хувийг хувилсан хувилбар байдаг учир тамга тэмэдээггүй л болохоос албан ёсны мэдээнээс бараг ялгаагүй юм байна. Харин утсаар өгсөн мэдээ ганц нэг цифрийн зөрүүтэй байж болох магадлалтай юм байна. Гэхдээ одоогоор ирээд байгаа нийслэл, орон нутгийн албан ёсны мэдээ урьдчилсан мэдээтэйгээ яг таарч байгаа юм байна. Тиймээс СЕХ-оос албан ёсны мэдээ, урьдчилсан мэдээ хоёрын хооронд сонгуулийн үр дүнд нөлөөлхүйц зөрүүтэй дүн гарахгүй хэмээн мэдэгдлээ. СЕХ зургаан сарын эхээр УИХ-д сонгуулийн дүнг өргөн барих юм байна.