Н.Энхбаяр: Улс орныхоо хөгжил, дэвшилд итгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль дээр байрлах нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хэсгийн хороонд 11.40 цагт эхнэр О.Цолмонгийн хамт ирж саналаа өглөө.
Тэрээр “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Ард түмнийхээ сайхан ирээдүй, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд итгэлтэй байна” гэж сэтгэгдлээ товч илэрхийллээ. Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр нар болон УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга У.Барсболд нар дагалдав. Нэр дэвшигч Н.Энхбаярыг санал өгөх үед 20 дугаар хэсгийн хороон дээр нийт сонгогчдын 650 нь буюу 30 гаруй хувь саналаа өгөөд байв. Энд 2206 сонгогч нэрсийн жагсаалтад бичигджээ. Уг нь энэ хэсгийн хорооны үндсэн сонгогчид 1868 юм байна. Үүн дээр орон нутагт харьяалалтай 262 оюутан шилжиж ирж нэмэгджээ.