АН «Царцааны нүүдэл»-ийг зогсооно
Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч МАХН гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй.
Харин АН бүлэг цөөхөн хэдэн гишүүнтэй бүлгийн хурлаа хийсэн юм.
АН ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Намын даалгаврын дагуу УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Амаржаргал нар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсаныг бүлгийн хурлаар хэлэлцлээ.
Эрүүгийн хуульд “ерөнхийлөгч болон УИХ, Орон нутгийн сонгуулийн санал хураалт үед нэгээс илүү санал өгсөн, эсхүл бусдыг нэгээс илүү санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан, дэмжсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтын нэмэлт өөрчлөлт болгон оруулахаар болсон байна.
Цаг хугацааны хувьд ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө баталж амжихгүй нь тодорхой учраас энэхүү хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар бүлэг төлөвлөж байгаа бөгөөд харин хуулийг батлах үед “5-р сарын 24-нд болсон сонгууль энэ хуульд хамаарна” гэсэн заалттайгаар батлах ажээ. Ингэснээр ирэх ням гаригт болох Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгээс илүү санал өгсөн нь тогтоогдвол тухайн сонгогч дээрхи хуулийн өөрчлөлтийн дагуу шийтгүүлэх ажээ.
Харин яаж нэг хүн нэгээс илүү санал өгсөнг нь яаж мэдэх вэ гэхээр санал өгөх үед сонгогчийн нэрийн жагсаалтад сонгогчийн гарын үсэг зуруулдаг бөгөөд тэдгээр гарын үсэгтэй нэрийн жагсаалт хуулийн дагуу СЕХ-нд цуглардаг. Тэр хуулийн дагуу цугларсан хүмүүсийн бүх нэрсийг компьютерт оруулж, нэг хүнийг хэдэн удаа санал өгснийг нь олно. Компьютерт бүртгэгдээд, нэг хүн олон санал өгсөн нь тогтоогдвол энэ нэмэлт өөрчлөлтөд орсны дагуу ял эдлэх юм байна.
Энэхүү хуулийн гол зорилго нь энэ удаагийн сонгуулийн «Царцааны нүүдэл»-ийг арилгахад оршиж байгаа. «Царцааны нүүдэл»-ийг хуулийн дагуу хязгаарлаж өгөхгүй бол нэгээс дээш санал өгчихсөн байхад тухайн хүн ямар ч ялгүй хоцорно. Тийм учраас олон удаа саналаа өгөх гэж байгаа хүмүүст бид сануулах зорилгоор ийм хуулийн төсөл бэлдэж байна хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд хэллээ.